Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн редакц МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм.
Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэд хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
https://www.youtube.com/watch?v=WEzB3KKd8Fc&t=106s
The Mongolian Mining Journal сэтгүүл нь уул уурхайн салбарынхан, хөрөнгө оруулагчдад мэдээллийн анхдагч эх сурвалж, Монголын уул уурхайн мэдээллийн баялаг архив, судалгаа, статистик, видео, түүхэн гэрэл зургийн нэгдсэн санг бүрдүүлж чадсан, 11 жилийн туршлагатай, уул уурхай, эдийн засаг, бизнесийн сэдвээр мэргэшсэн мэргэжлийн баг ажилладаг редакц юм.
Уул уурхай, эдийн засаг, улс төрийн шийдвэр, үйл явдлын анализ, задлан шинжилсэн тойм, судалгаа, хандлага илэрхийлэх чиглэлд түлхүү анхаарч мэргэжлийн эх сурвалжуудтай харилцаж, бодитой мэдээлэл түгээдэг. Элчин сайдууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагын уул уурхайн судлаач, шинжээч, хуульч зэрэг дотоод, гадаадын нэр хүндтэй аналистууд, судалгааны байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг.
Монгол Улсын болоод дэлхийн эдийн засаг, уул уурхайн сүүлийн 11 жилийн түүхэн үйл явдал The Mongolian Mining Journal сэтгүүлийн хуудаснаа монгол, англи хэл дээр бичигдэж байна. Тус сэтгүүлийн англи хэл дээрх мэдээллийг сэтгүүлч, редактор Tirthankar Mukherjee хариуцан ажилладаг бөгөөд тэрээр сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдсэн 2008 оноос өнөөг хүртэл тогтмол ажиллаж байгаа юм. Түүний хөтлөн явуулдаг Mining World Mining, Business and Life булангийн нийтлэл, мэдээлэл дэлхийн эдийн засаг, уул уурхайн мэдээллийг Монголын уншигчдад хүргэсэн төдийгүй Монголын уул уурхайн мэдээллийг гадны уншигчдад хүргэх “мэдээллийн гүүр” болсоор байгаа билээ.