- Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгалан ажиллалаа
- Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давав
- 2019 онд 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ
- Баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 146,346 тонн хүрч 2019 оны төлөвлөгөөгөө биелүүллээ
- 241.8 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 2019 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ
- Гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтын ажлыг дуусгав
- Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн шинэ амжилт тогтоолоо
“Оюутолгой” компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн оны хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан байна. Мөн Оюутолгой төсөл эхэлснээс хойших хугацаанд буюу 2010-2019 оны хооронд төслийн хэмжээнд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрчээ.
“Оюутолгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76%-ийг эдгээр үндэсний компанид төлжээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Оюутолгой – Ханбогд чиглэлийн 35.1 км хатуу хучилттай авто зам барьж, тавдугаар сард “Оюутолгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумд шинэ эмнэлэг нээсэн байна. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалттай тав дахь цэцэрлэг Өмнөговь аймгийн Манлай сумд мөн тус онд нээлтээ хийсэн байна.
Гүний уурхай: Ирэх хоёрдугаар улиралд агааржуулалтын амны нэвтрэлтийг эхлүүлнэ
Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр өмнө нь ашиглаж байсан үйлчилгээний амнаас хавьгүй илүү хүчин чадалтай орох гарах сувгийг нээсэн гэсэн үг. Тодруулбал үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой. Гүний уурхайгаас хүдрийн биетийг Үйлдвэрлэлийн амны өргүүрээр дамжуулан газрын гадарга уруу тээвэрлэн гаргана.
Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1,607 метрийн ахиц гаргажээ. Харин дөрөвдүгээр улиралд шинэ амжилт тогтоож 1,809 метрийн нэвтрэлт хийсэн байна.
Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж байна.
Гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зардал болон хуваарийн нарийвчилсан мэдээллийг оны хоёрдугаар хагаст эцэслэн гаргах төлөвтэй байна.
Хүдрийн агуулга буурснаар 2019 онд баяжмал үйлдвэрлэл 8%-иар буурсан
Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад 8%-иар буурсан байна. Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21%-иар буурсан нь бүтэн жилийн үзүүлэлт 11%-иар буурахад нөлөөлсөн ч бүтээмжийн сайжруулалтын хүрээнд тэнцвэржүүлж чадсан юм.
Онцлох мэдээ:
Аюулгүй ажиллагаа
Аюулгүй ажиллагааг илтгэдэг 200,000 хүн цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт өнгөрсөн онд 0.16 дүнтэйгээр ажилласан байна.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюутолгой”-н 13,800 гаруй ажилтны 93 гаруй хувийг дотоодын боловсон хүчин бүрдүүлсэн байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад бүх ажиллах хүчний талаас илүү хувь гар бие оролцож байгаа ажээ.
Эх сурвалж: "Оюутолгой" ХХК