Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байна. Албан бичгээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт(2020.02.18) гардууллаа. Энэхүү хандивын аянг салбарын сайд дэмжиж байгаагаа илэрхийлж өөрийнхөө нэг өдрийн цалинг хандивлан хандивын аян эхлүүлж уриалж байгаагаа илэрхийлэв. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм.
БНХАУ-д хандив өргөх уриалгыг Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын геологийн холбоо, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” ГҮТББ, “Монголын Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөл” ТББ, “Монголын нефть, хийн Үндэсний ассоциаци”, “Монгол Нүүрс" ассоциаци, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ болон бусад холбоод нэгдэж нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгдлээ.
Эрдэс баялгийн салбарынхан нэг дэлхийн иргэд болохоо ухамсарлаж хувийн болон ажлын байрны эрүүл ахуйд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж хүн төрөлхтний өмнө тулгараад буй бодит аюулыг хамтдаа даван туулахын төлөө COVID-19 вирусийн эсрэг нэгдэхийг уриаллаа.