Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид Оросын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй (2020.02.18)уулзсан байна. Тус уулзалтын үеэр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгааны ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлэлээр Оросын талаас Ажлын хэсэг байгуулсныг “Газпром” компани мэдэгджээ.
2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан (2019.12.05)юм.
Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.