Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс бонд” гарчээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14)  болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс  бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн  бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн  6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.  

Мөн 192 мянган ахмад настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгох асуудлыг шийдвэрлэхээр   ажиллаж байгааг П.Ганхүү захирал  онцолсон. Мөн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК компани үйл ажиллагааны чиглэлээ танилцуулжээ. Цаашид охин болон хараат компаниуд эрсдлээ тодорхойлж, зардал хэмнэх, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөг боловсруулж танилцуулж ажиллаж байхаар болжээ. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Зандан­шатар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай  (2020.02.18) уулзаж ярилцлаа.  Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Эрдэнэс бондыг Хөгжлийн банкны баталгаатайгаар гаргасан. Энэ хүрээнд арилжааны банкуудтай бонд арилжаалах 695 тэрбум төгрөгийг гэрээг ойрын хугацаанд хийнэ” хэмээн илэрхийллээ. Мөн “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын ордтой холбоотой шүүхийн асуудлыг цэгцэлж, ордын шинэчилсэн ТЭЗҮ-ийг хийгээд байгаа бөгөөд татвар  тооцсон дүнгээр 569 тэрбумын цэвэр ашигтэй байх урьдчилсан тооцоо гарсан гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ярилаа. Орд газрын 1/3 буюу бага хэсэгт түшиглэн хийсэн тооцоо бөгөөд цаашид батлагдсан нөөц нэмэгдэнэ хэмээн тодотгов.  

Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тэтгэврийн зээл бондоор солигдох  хүүний зөрүү, алдагдал зэргийг судалсан. Энэ асуудлаар талууд шийдэлд хүрсэн” гэлээ. Уулзалтаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг 5 жилийн хугацаатай, 5 %-ийн хүүтэй “Эрдэнэс бонд”-оор солиход үүсэх хүүгийн зөрөөний асуудлыг аль аль талдаа хохиролгүйгээр, хуулийн хүрээнд   шийдэх талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрчээ. УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн шийдвэр, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай, шуурхай зохион байгуулж байгааг илэрхийлээд банкны системийн тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авч, тэтгэвэрийн зээлийг Цагаан сарын өмнө бүрэн тэглэж дуусгах  чиглэлийг өгсөн байна. 

Г.Идэр