Оросын Тувагийн нутаг дахь нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчээр “Стройпроект” групп тодорсон байна. Энэ тухай төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Оросын төмөр зам”(РЖД) компанийн сонгон шалгаруулалтын протоколд дурджээ.
Гэрээний дагуу тус компани зураг төсөл, судалгааны ажлыг 2021 оны наймдугаар сараас өмнө гүйцэтгэх үүрэгтэй. РЖД компаниас Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны зургадугаар сард зарласан. Тухайн үед гэрээний дүнгийн дээд хэмжээг 4.75 тэрбум рублиэр тогтоосон юм. Шалгаруулалтын ялагчаар тодроод буй инженерингийн “Стройпроект” групп нь 5.5 тэрбум рублийн дүнтэй гэрээ байгуулах аж.
“Стройпроект” группын тухайд, ОХУ-д зохион байгуулагдсан хөл бөмбөгийн ДАШТ, Сочигийн Олимпийн дэд бүтэц болон Москва, Санкт-Петербург хотуудад гүүр, авто замын байгууламжуудыг гүйцэтгэсэн туршлагатай аж.
2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газраас “Кызыл-Курагино” төмөр замыг концессоор байгуулах тухай зөвшөөрлийг баталсан. Ингэхдээ Засгийн газрыг төлөөлж захиалагчаар “Росжелдор”, концесс хэрэгжүүлэгчээр Лидер групп (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%) болон РЖД (5%)-ийн хамтарсан компани ажиллах юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэх аж. Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг 4.5 жилийн хугацаанд байгуулахаар төлөвлөж байгаа юм. Нийт 410 гаруй км төмөр замын 120 км нь Тува, 290 км нь Красноярскийн хязгаарын нутагт баригдана. Энэхүү төмөр замаар Тувагийн нутаг дахь нүүрсний сав газар, тэр дундаа Элегестийн ордоос коксжих нүүрс экспортолно. Ордыг Транссибирийн төмөр замтай холбох уг төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төсөл “Енисейский Сибирь” хэмээх цогц хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтаж буй.
“Тувагийн эрчим хүчний корпораци” нь нүүрсний Элегест ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд төмөр замаас гадна Уулын баяжуулах үйлдвэр болон Хабаровскийн хязгаарт нүүрсний терминал байгуулах төслүүдийг тус тус хэрэгжүүлэх юм.
Э.Од