Хятадын хилд ойр буюу Амар мужид Оросын хамгийн том цахилгаан станц байгуулах төслийг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, 1 ГВт хүчин чадалтай хийн цахилгаан станц болгож өөрчлөхөөр болсон тухай Оросын “Интер РАО” компани мэдэгдсэн байна. Хийн түүхий эдийн хувьд “Сибирийн хүч” хоолойгоос цахилгаан станцид нийлүүлэх боломжийг судлах аж. Цахилгаан станцын үйлдвэрлэлийг хийн болгох нь төслийн өртгийг бууруулж 80 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.
2009 оноос анх уг цахилгаан станцыг барих асуудал яригдсан. Улмаар 2013 онд Оросын “Интер РАО” компани болон Хятадын эрчим хүчний сүлжээний корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байдаг. Энэ хүрээнд “Ерковецкийн цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайн үед талууд хамтран Амар муж дахь эрчим хүчний нүүрсний Ерковецк ордоос жилд 35 сая тонн нүүрс олборлож, үүнд түшиглэн 5-8 ГВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулж Хятад руу жилд 30-50 тэрбум кВт/цаг эрчим хүч экспортлох төслийг боловсруулсан. Төслийн нийт өртөг 20-25 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.
Гэвч дэлхийн зах зээлийн хямралын улмаас 2015 оноос төслийг царцааж Хятадын талын санаачилгаар 2018 онд төслийг дахин сэргээж, санхүүжилтийг Хятадын хөгжлийн банктай хамтран шийдэхээр яригдаж байсан юм.
Э.Од