Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Сангийн сайд: Монголын нүүрсийг Хятадын тал авахад бэлэн 

Монгол Улс коронавирусын улмаас нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-наас зогсоогоод байсан. Улсын онцгой комисс (2020.03.01) шуурхай хуралдаж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс, газрын тосны  экспортыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад ачаа, тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр болсон байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Хэрэв бэлтгэл хангагдвал заавал гуравдугаар сарын 15-ны өдрийг хүлээлгүй нүүрсний экспортоо эхлүүлэх боломжтой” гэж мэдээлэв.

Өмнө нь Засгийн газраас (2020.02.28) баталсан 8-9 заалт бүхий тогтоолыг Сангийн сайд Ч. Хүрэлбаатар танилцуулсан юм. Тус тогтоолын нэгдүгээрт,  нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлох үйл ажиллагааг эрүүл ахуй, хорио цээр, халдваргүйжүүлэлт, ариутгалын нөхцөл шаардлагыг хангаж эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулах чиглэлийг өгчээ. Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ариутгал, хорио цээрийг дэглэмийг сахин ажиллаж байгаа. Яг тэр нөхцөлөөр уул уурхайн экспортын тээврийг үргэлжлүүлнэ гэдгийг Сангийн сайд мэдээлсэн. Энэхүү мэдээллийг хийх үеэр Сангийн сайд “Нүүрсний экспортын хувьд 2019 оны яг өдийд 4 сая тонн нүүрс гарсан байсан. Одоо 2.7 сая тонн нүүрс экспортолсон байгаа. Монголын тал яриад Хятадын талаас нүүрс авахад бэлэн гэдгээ 3-4 хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгэхээр Монголын талаас ариутгал, ариун цэврээ хангаад нүүрсээ нийлүүлэхэд бүрэн боломжтой болсон” гэдгийг хэлсэн юм.  Мөн тэрээр улсын төсөвт тодотгол хийхгүйг дахин онцлов.

Б.Золоо
 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.63)
    аль 2 сараас хятадын тал нүүрс тээвэр эхлүүлэх хүсэлтээ тавьсан манайх 2 удаа хойшлуулаад байгаа
    2020 оны 03 сарын 03 | Хариулах