Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэс Тавантолгой: Гуравдугаар сарын 2-ноос экспортын  төлөвлөгөө  тасалдаж болзошгүй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилах болсонтой холбогдуулан даваа гараг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн систем руу 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авсан байна. Мөн системд 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр буулгаж, экспорт хийжээ. Нэгдүгээр сарын 24-ныг хүртэл экспортын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн гэдгийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. БНХАУ-ын Ардын их хурал гуравдугаар сард тухайн жилийнхээ нүүрсний импортын квотыг тогтоож, жилийн төлөвлөгөөгөө баталдаг. Үүнээс өмнө квот тогтоодоггүй тул жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээ бага байдаг. Харин хоёрдугаар сараас нүүрсний экспорт өсдөг ч энэ жилийн хувьд коронавирусын дэгдэлтийн улмаас төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа юм. Хэдий тиймч “Эрдэнэс Тавантолгой”-н экспортын төлөвлөгөө тасарч, санхүүгийн хүндрэлд ороогүй гэдгийг компанийн удирдлага хэлж байна.

Гэхдээ гуравдугаар сарын 2-ноос хойш төлөвлөгөө ямар нэг байдлаар тасалдах эрсдэл үүсч болзошгүйг ч анхааруулж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхиас 1.1 сая тонн, түүний охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани 580 мянган тонн нүүрс Цагаан хадан дээр буулгаж, давхар экспорт хийгээд байгаа аж. Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар зорьж буй “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн хувьд зөвхөн Хятадын “Чалко” компанид нүүрсээ нийлүүлдэг учраас олон худалдан авагчидтай  “Эрдэнэс Тавантолгой” компаниас нэг дахин бага  нүүрс экспортлоод байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид эрсдэлийн төлөвлөгөөгөөр бэрхшээлийг даваад гарна. Компанийг өргүй болгосон шигээ хөгжлийн зам руу хөтлөөд явна” гэлээ. Тус компани нүүрсний экспортыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бэлтгэл ажлаа хангах үүргийг Улсын онцгой комиссоос хүлээн авсан тул өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай хяналтын дор ажиллах аж.  Ингэхдээ тээврийн жолооч нарыг ариутгалд хамруулж, хил давахдаа зөвхөн нүүрс тээврийн машины цонхоороо бичиг баримтаа шалгуулдаг байдлаар ажиллана гэдгийг тэрээр онцоллоо.

Г.Идэр