1954 оны есдүгээр сарын 12-нд Бэрхийн уурхайг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байгуулан хүн амын суурьшлийг бий болгосон. 1995 оныг хүртэл Монгол Улсын экспортлож буй жоншны 75%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн тус уурхай нь олборлосон жоншоо Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлж, боловсруулдаг байв.
Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт албан томилолтоор ажиллах үед уурхайг тогтвортой ажиллахад төрөөс дэмжлэг үзүүлэхийг “Бэрх” тосгоны иргэд хүсч байсан билээ. Тэгвэл Засгийн газраас уг уурхайн үйл ажиллагааг сэргээн ажиллуулж, уурхайг түшиглэн анхны далд уурхайн музей, сургалтын бааз байгуулан боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөж байна. Мөн “Бэрх” дулааны станцыг шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах үүргийг холбогдох албаны хүмүүст өгсөн.
Далд уурхайн музейн удирдах хорооны гишүүд ажлын явцаа өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Уг музей нь газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулах аж. Мөн хоёрдугаар босоо амны байгууламж болон уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж уул уурхайн судалгааны төв болгоно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолсон юм. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалт болж, Бэрх хотыг “Чингис хааны түүхэн аялал жуулчлалын бүс” төсөлтэй холбосноор аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгож орон нутагт ажлын байр шинээр бэлдэх юм. Уг музейг 2022 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалтын нэг болно хэмээн төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.
Г.Идэрхангай