Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын мэдэгдэлтэй холбогдуулан холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрээр Төрийн болон Албаны нууцын тухай хуулийн 19.1, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Төрийн болон Албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д дагуу Үндэсний Аюулгүй Байдлын (ҮАБ) зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг ил болгох саналыг ҮАБ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой томоохон ажлуудыг явуулах зөвлөмжийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс хоёр жилийн өмнө гаргасан юм. “Зөвлөмжийг боловсруулах ажилд оролцсон хүмүүс, тухайлбал тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бодит байдлыг зориуд гуйвуулж, улс төр хийж байна. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойтой холбоотой асуудалд буруу зүйл байсныг мэдэж байсан юм бол яагаад засаж залруулах талаар дуугараагүй юм бэ.
Ерөнхийлөгчийн институт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад улс төрийн манлайлал үзүүлж, томоохон ажлууд өрнөж байгаа. Үүнийг санхүүжүүлэх олон аргын нэг нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн зөвлөмж” хэмээн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ярилаа. Зөвлөмж ил болсны дараа шаардлагатай бол Засгийн газрын хуралдаан зарлаж, Ерөнхий сайдын зүгээс уг зөвлөмжөөс татгалзах асуудал ч хөндөгдөнө гэдгийг тэрээр мөн тодотгосон. Ингэснээр төмөр замын бүтээн байгуулалтын ажил зогсож болзошгүй аж.
Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа хоёр хоногийн дараа дуусах бөгөөд тус үйлдвэр дээр үүссэн учир битүүлэг олон асуудал удахгүй ил болно гэдгийг тэрээр мөн мэдээллийнхээ үеэр онцлов. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг 12 компанид олгодог. Компаниудыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж эрэмбэлдэг байсан бөгөөд Монголын талд зардал өсгөж, өссөн зардлаа оффшор компаниудаараа дамжуулан авсан. Зарим мөнгө нь Монголд орж ирээд үл хөдлөх болсон зүйлс шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг ч тэрээр онцолсон.
Г.Идэр