Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

1072 хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдах боломжгүй

Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой цаг үеийн  мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК  долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнд өгч байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцсон юм.

Дэлхийг түгшээсэн “COVID-19” коронавирусаас сэргийлэх ажлын хүрээнд тус компани хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн төвийн сошиал суваг “1072 хувьцаа мэдээллийн төв” нэртэй facebook хуудсанд давхардсан тоогоор 10 мянган орчим хүн хандаж, мэдээлэл авсан талаар тэд онцолж байв.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч пэйж хуудас, 30 орчим групп ажиллаж, иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүдийг олноор тараах болсон байна.  “Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн  үйлдэл. Зөрчлийн тухай хуулинд худал мэдээлэл тараахтай холбоотой тодорхой заалтууд бий” гэдгийг  “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт тодотголоо. Иргэнээс иргэний гарт хувьцааг дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг бөгөөд зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагддаг аж. “Хаалттай хувьцаат компанийн хувьцааг худалддаг систем дэлхийн аль ч улсад байхгүй. Зөвхөн дотоодын зах зээл дээр хувьцааг нээлттэй болгосон тохиолдолд л өвлүүлэх зарах боломжтой” гэдгийг Э.Баатарцогт менежер санууллаа.

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 2-ноос 9-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 2050 хүн холбогдож, Мэдээллийн төвийн байранд 825 иргэн биеэр ирж мэдээлэл зөвлөгөө авчээ. Мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28.2 мянган иргэн биечлэн ирж, 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 63.5 мянган иргэн мэдээлэл зөвлөгөөг авсан байна. 

Б.Золоо