Өнөөдрийн байдлаар (2020.03.09) Брэнт маркийн газрын тосны ханш 30%-иар (13.29 ам.доллараар) буурч 32 ам.доллар боллоо. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага ханшийн түвшин болж буй төдийгүй сүүлийн бараг 30 жилд тохиогоогүй огцом уналтаар тооцогдож байна. Ханш буурч буй нь коронавирусын дэгдэлтээс бус ОПЕК болон түнш орнуудын хагарлаас болсон гэж хэлж болно. Тодруулбал, ОПЕК болон ОХУ-ын хооронд газрын тосны “тулаан” эхэлсэн байж болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон хамтрагч орнуудын хооронд өнгөрсөн баасан гаригт (2020.03.06) Австрийн Вена хотноо болсон хурлаар зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Уг хурлын үеэр тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй газрын тосны гарц танах хөтөлбөрийн хугацааг сунгах санал дэмжигдээгүй байна. Хөтөлбөрийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно.
ОПЕК-ийн уулзалтаар, оны хоёрдугаар улиралд улс орнууд газрын тосны өдөрт олборлох хэмжээг 1.5 сая баррелиэр бууруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргасан ч энэхүү саналыг ОХУ хүлээж авахаас татгалзсан байна. ОПЕК-ийн олборлолтын хэмжээг танах бодлогыг сүүлийн жилүүдэд Орос уриалгахан хүлээж авсаар ирсэн ч тус улсын эдийн засагт ашиггүй туссаар ирсэн юм. Таналтын бодлого нь газрын тосны ханшийг тогтворжуулах сайн талтай ч ОХУ-ын дотоодын олборлогчдод ихээхэн дарамт болдог гэсэн шүүмжлэл бий. Тиймээс энэ удаад Орос нэмэлт таналт хийхээс татгалзсан бол ОПЕК-ийн тэргүүлэх экспортлогч орон Саудын Араб үүнд хариу цохилт хийхээр шийдвэрлэсэн бололтой. Тодруулбал, тус улс газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг дөрөвдүгээр сараас эхлэн бууруулах бус харин ч нэмэгдүүлэхийн сацуу борлуулалтын ханшаа баррель тутамд 6-8 ам.доллараар хямдруулахаар шийдвэрлэжээ. Саудын Араб нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа “үнийн огцом хямдрал” зарлалаа. Үүнийг “Голдман Сакс”-ын шинжээчид ОХУ-ыг газрын тосны гарц танах ОПЕК-ийн шийдвэрийг дэмжээгүйн төлөө хийсэн Саудын Арабын үйлдэл гэж тайлбарлав.
Саудын Арабын хувьд одоогоор өдөрт олборлох түвшин 9.7 сая баррель байгаа бол дөрөвдүгээр сард энэ хэмжээгээ 10 сая баррелиэс давуулах төлөвлөгөөтэй байгааг зарим эх сурвалж мэдээлсэн байна. Тус улс цаашид өдөрт олборлох хэмжээгээ 12.5 сая баррельд хүргэх боломжтой ажээ.
Саудын Араб улсад газрын тосны олборлолтын өртөг хамгийн багатайд тооцогддог бол бусад үйлдвэрлэгч орнууд, ялангуяа АНУ-ын занарын тос үйлдвэрлэгчдэд асуудал хүндхэн тусах төлөвтэй байна.
Хэрэв Брэнт газрын тосны ханш 30 ам.доллар/баррельд хүрвэл ОХУ-ын хувьд томоохон эрсдэл тулгарна гэж тус улсын дотоодын хэвлэлүүд онцоллоо. Учир нь Оросын газрын тосны олборлолтын өртөг харьцангуй өндөрт тооцогддог. Одоо рублийн ам.доллартай харьцах ханш огцом суларч ганцхан өдрийн дотор 10%-иар буурсан байгаа ч ОХУ-ын гадаад валютын нөөц 570 тэрбум доллараар хэмжигдэж байгаа нь Саудын Арабынхаас бараг 100 тэрбум ам.доллараар давуу ажээ.
Б.Төгс