-Төгрөгийн ханшид ирэх дарамт харьцангуй бага байх төлөвтэй-
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10%-д хүргэхээр шийдвэрлэсэн байна. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5%-д тогтоохоор боллоо.
Жилийн инфляци энэ оны эхний сард улсын хэмжээнд 5.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 6%-тай гарсан байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтээс үүдэлтэйгээр инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтээс улбаатай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүйг төв банк сануулжээ.
Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус нөхцөл байдал нэмэгдэж байгаагаас эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Учир нь коронавирусын тархалтын үед гадаад эрэлт болон түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч буй юм.
Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшид үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон бусад зүйлсийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргалаа.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
Эх сурвалж: Монголбанк