Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Freeport-McMoRan: Зэс, алтны олборлолтоо 40%-иар нэмэгдүүлнэ

АНУ-д төвтэй, зэс олборлогч “Freeport-McMoRan компани зэс, алт олборлолтынхоо хэмжээг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай /03.09/  мэдэгдлээ. Мөн зэс олборлолтын зардлыг 25%-иар бууруулж, ойролцоогоор нэг фунт тутамд 1.30 ам.доллар болгохоор ажиллаж байна. Ингэснээр тус компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2021 онд өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин, түүнээс ч их хэмжээгээр нэмэгдэнэ гэж компани тооцоолж байна.

Freeport Грасбэргийн гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тухайлбал он гарснаас хойших хугацаанд буюу гуравдугаар сарын 5-ны байдлаарGrasberg Block Cave” болон “Deep MLZ” зэрэг гүний уурхайн хүдэр олборлолт өдөрт дунджаар 35,000 тоннд хүрсэн нь 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 35%-иар ахиу дүн боллоо.

Тус компанийн Аризона муж дахь зэсийн "Lone Star" төсөл дуусах шатандаа хүрсэн ба энэ онд ашиглалтад оруулах төлөвтэй байгаа юм.

Freeport 2021 болон 2022 онд компанийн чөлөөт мөнгөн урсгалын хэмжээг жилд хоёроос гурван тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон бөгөөд уг тооцоолол нь зэсийн ханш зах зээлд фунт тутамд 2.75- 3 ам.доллар байх таамагт үндэслэжээ.

Коронавирусын дэгдэлт эхэлснээс хойш компанийн зэсийн борлуулалтын сүлжээ болон бүтээгдэхүүний тээвэрлэлтэд мэдэгдэхүйц саатал гараагүйг компани онцолсон.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг Freeport сайтар ажиглаж байгаа бөгөөд энэхүү амаргүй цаг үед гарсан бүхий л зардал, капиталын зардал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг анхааралтай авч үзэж удирдан явуулах болно гэж мэдэгджээ.

Б.Золоо