Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах талаар ярилцаж байгаа

Засгийн газрын хуралдаанаар (2020.03.11) эдийн засагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр анхаарч ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал 2018 онд Монголын эдийн засаг 7.3%-иар өсөхөд төсөв ашигтай гарч байсан. Харин 2019 онд эдийн засгийн өсөлт 5.3%-тай байхад төсвийн алдагдал 600 орчим тэрбум буюу ДНБ-ний 1.7%-тай тэнцсэн. Энэ нь нөөц, хуримтлал бий болгох чиглэлд ажилласныг илтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгө 2019 онд 538 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 620 орчим тэрбум болж нэмэгдсэн. Мөн өмнө нь Засгийн газар 8.2 их наяд төгрөгийн өр төлсөн. Энэ нь эдийн засгийн ямар нэг хүндрэл үүсэхэд үүнийг даван туулах, зарцуулах хуримтлалыг бий болгох бодлого бөгөөд коронавирусын энэ цаг үед хэрэг болж байгаа гэдгийг хэлмээр байна.

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь Засгийн газрын явуулж байгаа эдийн засгийн бодлоготой нийцэж байгаа. Мөнгөний бодлогын хүүг 11% байсныг нэг пунктээр буулгаж 10% болгож өөрчилсөн. Үүнээс гадна арилжааны банкууд өөрсдийн заавал байлгах нөөцийг 10.5%-аас 8.5% болгож хоёр пунктээр буулгасан байна.  

Түүнчлэн, өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Монголбанкны Ерөнхийлөгчөөс гадна Монголын банкны холбооны тэргүүн Б.Мэдрээ оролцсон. Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогуудтай уялдуулан  арилжааны банкууд зээлийн хүүг буулгах, төлбөр хураамж, шимтгэл, алданги нэмэгдүүлсэн хүүг тэглэх, тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авах талаар ярилцаж байгаа гэдгээ тэрээр хэлж байна. Энэ нь удахгүй албажиж, шийдвэр болж гарах байх. Энэ шийдвэр нь аж ахуйн нэгжүүд,  бизнес эрхлэгчдэд банкны зээлийн хүүтэй холбоотой тодорхой хэмжээний дэмжлэг болох болов уу гэж найдаж байна.  

Төр засгийн хувьд арилжааны банкуудын үйл ажиллагааг уян хатан болгох орон зайг бий болгож өгч байгаа. Тухайлбал  татвар, зохицуулалтын журам, заавал байлгах нөөц,  бодлогын хүүгээ өөрчлөх зэрэг  боломжийг бий болгож өгсөн. Арилжааны банкуудын бизнесийн зарчмаар явуулж байгаа үйл ажиллагаанд нь оролцох эрх төрд байхгүй.

Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргаж байгаа. Арилжааны банкуудаас гадна ББСБ-ууд зээл бас олгодог. Тэгэхээр энэ байгууллагууд төрөл бүрийн төлбөр, хураамж, шимтгэл авахгүй байх, нэмэгдүүлсэн хүүг тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээг авах асуудлаар томоохон ББСБ-уудтай Санхүүгийн зохицуулах хороо ярилцаж байна.
Мөн бусад орнууд эдийн засгаа тэтгэх хэмжээгээр төсвийн зардлыг нэмэх чиглэлийн бодлогууд авч хэрэгжүүлж байна. Монголд зардлаа хасна гэж зарим хүмүүс ярьдаг. Сангийн сайдын хувьд би ийм алхам хийхгүй гэдгээ хэлж байсан. Өөрөөр хэлбэл агшилтыг улам танах юм бол эдийн засгийн үйл ажиллагаа  хумигдах эрсдэлтэй. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын үед танах, хасах нь хэрэгжүүлж болохгүй бодлого гэдгийг би давтан хэлье.

ОУВС-аас саяхан гаргасан коронавирусын үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг хооронд нь харьцуулсан тайланг Сангийн яам  судалж байгаа. Үүнээс үзэхэд коронавирусын үед авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын эдийн засгийн бодлого бол цаг үедээ таарсан зөв явж байна” гэв.  

Б.Золоо