Гвиней дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын 39.95%-ийг эзэмшиж буй ”Чайналко” компанийн төслийг SASAC буюу Хятадын төрийн өмчийг хянах комисс дэмжжээ. Уг төслийг Хятадын хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэх хувилбарыг судалж байна.
Симандоу ордын III, IV талбайг Хятадын “Чайналко” компани (39.95%) болон Австралийн “Рио Тинто” групп (45.05%) эзэмшдэг. Өмнө нь “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлээ 1.1-1.3 тэрбум ам.доллараар санал болгоход Хятадын компани татгалзсан юм. Гэхдээ 2017 онд “Чайналко” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналаа Гвиней улсын Засгийн газарт тавьж, дангаараа хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Харин 2019 онд Гвинейн Засгийн газраас Симандоу ордын I,II талбайг ашиглах эрхийн тендер явуулж Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан “SMB-Winning” консорциум шалгарсан юм.
"Чайналко" компани Симандоу ордоос олборлох төмрийн хүдрийг 2025-2026 онд зах зээлд нийлүүлж эхэлнэ гэсэн албан бус мэдээлэл бий.
Симандоу нь дэлхийн хамгийн том, ашиглагдаагүй төмрийн хүдрийн ордын нэгд тооцогддог бөгөөд 65-68%-ийн агууламж бүхий 2.4 тэрбум тонн нөөцтэй. Ордыг ашиглах нийт өртөг 23 тэрбум ам.доллар ба 650 км төмөр зам болон далайн боомт байгуулах шаардлагатай.
Э.Од