Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс” компани Баянхонгор аймагт орших “Алтан нар” алт, полиметалын ордын төсөл дээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдээллээ.
Энэ талаар тус компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтан нар ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан нь Хөндий алтны дүүргийн хөгжүүлэлтэд чухал алхам боллоо. Төслийн тусгай зөвшөөрлийн талбай нь өндөр агуулга бүхий нөөц агуулснаас гадна Хөндий алтны төслийн техникийн тайланд: Баян хөндийн хүдэр боловсруулах үйлдвэрээр дамжуулан Алтан нарын хүдрийг олборлох боломжтойг тодорхойлсон.
Эцсийн техник эдийн засгийн үндэслэлд Алтан нар хэрхэн Баян хөндий алтны төслийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтойг судалж байна. Мөн 2020 оны хайгуулын хөтөлбөрийг хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэжээ.
“Эрдэнэ Ресурс” нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт 10 гаруй жил хайгуул судалгаа хийсний үндсэн дээр Хөндий алтны дүүргийг нээн илрүүлсэн. Хөндий алтны дүүрэг нь алт, полиметалын өндөр агуулга бүхий хэд хэдэн талбайг хамардгаас хоорондоо 16 км-ийн зайд орших Баян хөндий, Алтан нар зэрэг ордыг ашиглалтын шатанд хүртэл хөгжүүлэхээр зорьж байна. Эдгээр ордыг хамтад нь “Хөндийн алтны төсөл” хэмээн нэрлэдэг.
Баян хөндий ба Алтан нар төслийн дотоод өгөөжийг 90% болон 42% гэж тус тус тооцоолсон. Эхний долоон жилд Баян хөндий ордыг ашиглах ба 3.73 гр/тн дундаж агуулга бүхий хүдрийг боловсруулж, жилд дунджаар 61,000 унц алт олборлох бол дараагийн долоогоос арав дахь жилд Алтан нар ордыг ашиглан, 3.46 гр/тн дундаж агуулга бүхий хүдрийг боловсруулж, жилд дунджаар 48,000 унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
2019 оны аравдугаар сард “Эрдэнэ Ресурс”-ийн танилцуулсан урьдчилсан ТЭЗҮ-д “Хөндийн алтны төсөл”-ийн татварын дараах үнэ цэн нь алтны үнийг $1,300 ам.доллар/унц байхаар төсөөлөхөд нийт 121 сая ам.доллар байхаар тооцоологдсон.
Баян хөндий ордод уламжлалт нүүрсэнд уусган боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард уг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Улмаар 2021 оноос тус компани Баян хөндий ордын алтны үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээр “Эрдэнэ Ресурс”-ийн хувьцааны ханш 12.20%-иар буурч 0.18 канад долларт хүрсэн байна.
Б.Золоо