“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэр хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийнхээ дагуу тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээндээ томоохон хэмжээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллаж буй.
Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрийн нэг нь ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасах бөгөөд хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулан жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарахаар тооцоолжээ. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулах Ажлын хэсэг байгуулагджээ.
Одоогоор уг төслийг гүйцэтгэх компаниудыг судалж, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгож, танилцуулахаар бэлтгэж байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотголоо.
Г.Идэр