Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

SQM: Литийн ханш коронавирусын улмаас үргэлжлэн буурах төлөвтэй

Лити олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Чилийн "SQM" компани  цахилгаан автомашин болон дэвшилтэт технологи бүхий цахилгаан барааны зай хураагуурын гол орц түүхий эд болох литийн үнэ цаашид ч буурсаар байх төлөвтэйг мэдэгдлээ. Өмнө нь 2019 оны сүүлийн улиралд тус компанийн ашиг бараг 38%-иар буураад байсан юм.

Сантиаго хотод төвтэй тус компанийн 2019 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашиг 66.9 сая ам.долларт хүрсэн бол 2018 оны мөн үед 108.6 сая ам.доллараар илэрхийлэгдэж байжээ.

Литийн хамгийн гол хэрэглэгч Хятад улс руу хийх худалдаа нь коронавирусын нөлөөгөөр саарах төлөвтэй гэдгийг компани онцолсон байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Рикардо Рэмос “Манай компанийн тээвэрлэлтийн нөхцөл байдал хэвийн байдалдаа буцаж орох хандлага харагдаж эхэлсэн. Гэхдээ Хятадын одоогийн нөхцөл байдлаас хамаарч литийн худалдаа 2020 оны эхний улиралд бидний төсөөлснөөс бага байж мэднэ. Цаашид коронавирусын тархалт яаж үргэлжлэхээс хамаарч 2020 онд  худалдааны зарим хэмжээг нөхөж 50-60 мянган тоннд хүргэх магадлалтай  хэмээн хэлжээ.

"SQM" мөн литийн эрэлт 2019 онд 2018 онтой харьцуулахад 14%-иар өссөн боловч төсөөлснөөс бага байсныг тэрбээр онцолсон юм.

Компанийн зүгээс литийн зах зээлийн эрэлтийн суурь нөхцөл урьд өмнө нь байгаагүйгээр сайн байгаа бөгөөд Европд цахилгаан автомашины хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор энэ жил  тус тивийн орнууд гол хэрэглээг бүрдүүлнэ гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёрдугаар сард тус компанийн гол өрсөлдөгч болох “Albemarle” компанийн нөхцөл байдал  бүрхэг болж ирсэн юм. Лити олборлолтоор дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг “Albemarle” компани 2019 оны сүүлээр литийн олборлолтын ашиг нь төсөөлснөөс бага байсныг зарласан.  Мөн энэ онд  литийн зах зээлийн ханш сул байгаагаас шалтгаалж компанийн литигээс олох орлого хоёр оронтой тоогоор буурах төлөвтэй байна гэжээ.

Б.Золоо