Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын аюулыг “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн болохыг албан ёсоор (03.11) зарласан. Энэ нь дэлхийн олон улс оронд халдварт өвчин эрчимтэй тархах үед хэрэглэдэг нэр томъёо юм.
Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос АНУ руу чиглэх бүх нислэгийг нэг сарын хугацаатайгаар зогсоож байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг шийдвэр баасан гаригаас (2020.03.13) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын тус мэдэгдэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлтэй хүч хавсарснаар хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна.
Өчигдрийн байдлаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд эрчимтэй буурч 1987 оны “хар даваа гариг”-аас хойш үзэгдээгүй их уналт үзүүлжээ. Тухайлбал Dow Jones Industrial Average индекс ганцхан өдрийн дотор 2300 нэгжээр буюу 10%-иар, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн S&P 500 индекс 9.51%-иар, NASDAQ-ийн биржийн Composite индекс 9.43%-иар тус тус буурсан байна. Европын гол индекс болох Euro Stoxx 600 индекс ч мөн 10 гаруй хувиар буурчээ. Чухамдаа хөрөнгийн биржүүдийн гол индексүүд нэг өдрийн хөдөлгөөнөөр авч үзвэл сүүлийн 30 жилд байгаагүй огцом бууралтыг “амсав”. Харин өнөөдөр бага зэрэг сэргэх хандлагатай байна.
Газрын тосны ханш ч бага зэрэг өсчээ. Брэнт маркийн газрын тосны ханш өчигдөр нэг баррель нь 32.5 ам.долларт хүрч буурсан бол одоо 35 ам.доллар болж өссөн.
Алтны ханш харин нэлээд буурав. Одоогийн байдлаар алтны ханш нэг унц нь 1584 ам.долларт хүрсэн нь ердөө ганцхан өдрийн дотор 80 гаруй ам.доллараар буурсан гэсэн үг.
Зэсийн хувьд өчигдөр Лондоны металын биржийн хаалтын ханш 5386 ам.доллар/тоннд хүрсэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн бага дүн боллоо.
Энэ бүх уналтыг эерүүлэх нь коронавирусын дэгдэлтийг улс орнууд хэрхэн зогсоож чадах эсэхээс гадна АНУ, Хятадын эдийн засгийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс хамаарах нь тодорхой.
Хятадын Засгийн газар 570 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн төслүүдэд зарцуулах төлөвтэй байгааг Хятадын эдийн засгийн шинжилгээний байгууллага “PRC Macro”-аас мэдэгдсэн байна. Мөн коронавирусээс үүдэлтэйгээр хүнд цохилтод орсон бизнесүүдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө энэ онд хамгийн багадаа 5%-д хүргэхээр ажиллана гэж тус байгууллага харж байна.
Учир нь тус улс вирусын дэгдэлт тохиосон ч нийгэм, эдийн засгийн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгийг тус улсын дарга Си Жинпин мэдэгдсэн билээ. Өвчний дэгдэлтээс өмнө Хятадын эдийн засаг энэ онд 6%-тай байна гэсэн төсөөлөл олонх судалгааны байгууллага дэвшүүлж байсан юм.
АНУ-ын хувьд Төв банк болох Холбооны нөөц бодлогын хүүгээ 0.5%-иар буулгахаар болсноо өнгөрсөн долоо хоногийн эхээр зарласан. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавиурсын улмаас бизнес нь хохирч буй иргэд, аж ахуйн нэгжийн татварын асуудлыг хойшлуулах тухай саналыг Сангийн яаманд дамжуулахаа илэрхийлсэн. Энэхүү арга хэмжээ нь нэмэлт 200 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолжээ. Хэдийгээр АНУ руу чиглэсэн Европын холбооны нислэгийг бүгдийг нь цуцалсан ч үүнд ачаа тээврийн нислэг хамаарахгүй. Мөн Их Британи улсыг уг хоригт зориуд оруулаагүй байна. Энэ шийдвэрийг тус улсын зарим шинжээч үнэн хэрэгтээ хэтэрхий улс төржсөн хэрэг боллоо гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Трамп үүсээд буй байдлыг эдийн засгийн хямрал бус харин түр зуурын хүнд нөхцөл бөгөөд үүнийг улс орноороо, дэлхий нийтээрээ хамтдаа даван туулах учиртай гэж мэдэгджээ.
Б.Төгс