Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр (2020.03.16) далд уурхайн бүтээн байгуулалтын явц COVID-19-ийн улмаас удааширч эхэлснийг мэдэгдсэн байна. “Рио Тинто” болон “Оюутолгой”-н багийн хувьд нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй коронавирусээс сэргийлэх арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Вирусын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсад гадаадын гэрээт ажилтнууд, бараа материалыг хилээр нэвтрүүлэхэд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хязгаарлагдмал болсон юм. Улмаар гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоогоод байгаа юм.
Уг нөхцөл байдалд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа боловч ажлын явц удааширч буйг компани онцолжээ. Тодруулбал “Рио Тинто”, “Оюутолгой” болон хамтрагч барилгын компаниудын техникийн ажилтнуудын хөдөлгөөн хязгаарлагдсан аж. Уурхайн талбарт шаардлагатай техникийн ажилтнуудыг томилж ажиллуулах нь далд уурхайн бүтээн байгуулалт, тэр дундаа агааржуулалтын урд болон хойд амны цамхагийг ашиглалтад оруулах зэрэг ажилд суурь чухал үүрэгтэй юм.
Гэхдээ Оюутолгойн ил уурхайн олборлолт болон экспорт хэвийн үргэлжилж байгааг компани мэдээллээ. “Туркойз Хилл Ресурс” нь уурхайн ажилтнуудад халуун хэмжих болон эрүүл мэндийн хяналт шинжилгээг тогтмол хийж ажиллаж байгааг тэмдэглэжээ.
Далд уурхайн ажлын явцтай холбоотой уг мэдээлэл цацагдсаны дараа өчигдрийн (2020.03.16) байдлаар Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэг өдрийн дотор 7%-иар буурч түүхэн доод хэмжээндээ буюу 0.38 ам.долларт хүрлээ. Ингэснээр одоо Туркойз Хилл-ийн зах зээлийн нийт үнэлгээ ердөө 805 сая ам.доллартай тэнцлээ.
“Рио Тинто” компанийн хувьцааны үнэлгээ Лондоны хөрөнгийн бирж дээр 5.8%-иар буурч 3082 пенстэй тэнцсэн байна.
Өнгөрсөн оны долдугаар сард “Рио Тинто” компани уурхайн геологийн нөхцөл тооцоолж байснаас хүндэрсэнтэй холбоотойгоор Оюутолгойн далд уурхайн ашиглалтад оруулах хугацаа хойшилсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл одоо дээрх мэдээлэл цацагдсанаар төслийн хугацаа улам бүр хойшлох уур амьсгал бий болоод байна. “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Үүсээд буй нөлөөллийг тооцож хэлэхэд одоохондоо хэтэрхий эрт байгаа бөгөөд бид асуудлыг аль болох зохицуулан ажиллахаар хичээж байна” гэж тайлбарлажээ.
Далд уурхайн шинэчилсэн судалгааг оны эхний хагаст багтаан боловсруулах зорилт хэвээрээ байгаа ажээ. Уг судалгаа бэлэн болсноор уурхайн хөрөнгө оруулалтын зардлын нарийвчилсан хэмжээ болон ашиглалтад оруулах хугацааны тов тодорхой болох юм.
Дашрамд дурдахад “Оюутолгой” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт COVID-19-тэй тэмцэх, сэргийлэх ажилд зориулж 100 сая төгрөг хандивласан бол Оюутолгойн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу хөгжлийн дэмжих сан”-аас Өмнөговь аймагт 200 сая төгрөг, Ханбогд суманд 10 сая төгрөгийг тус тус хандивласан байна.
Б.Төгс