Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Нүүрсний экспорт 2.6 сая тонноор буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.

Үүнд экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн экспортын бууралт шууд нөлөө үзүүлжээ. Тэр дундаа нүүрсний экспортын мэдээгээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 2.9 сая тонн (мөнгөн дүнгээр 237 сая ам.доллар) нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47%-иар бага буюу 2.58 сая тонноор доошилсон дүн юм. Энэ нь хоёрдугаар сарын 10-наас эхлэн коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор нүүрсний экспортыг зогсоосонтой холбоотой. Хэдийгээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн байдлыг хангаж гуравдугаар сарын 5-наас Замын-Үүд боомтоор нүүрс экспортолж эхэлсэн ч энэ нь нүүрсний худалдааны гол суваг биш. Гагцхүү Гашуунсухайт, Шивээхүрэн боомт нээгдэх хүртэл манай улсын нүүрсний экспортод дорвитой ахиц гарахгүй юм. Оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улс нийт 2.78 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд гуравдугаар сар гарснаас хойш нүүрсний экспорт төдийлөн нэмэгдээгүй нь харагдаж байгаа юм.

Одоо нүүрсний экспорт ийнхүү буурч эхэлснээр эрдсийн экспортын тэргүүлэгчийн байр сууриа зэсийн салбарт алдаж байна. Зэсийн экспорт энэ оны гуравдугаар сарын дунд үеийн байдлаар жингээр 250 мянган тонн, үнийн дүнгээр 286 сая ам.доллартай тэнцлээ. Гэсэн ч экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 13%, үнийн дүнгээр 28 орчим хувиар буурсан дүнтэй гарлаа. Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор зэсийн үнэ гуравдугаар сараас эхлэн аажмаар буурах хандлагатай байсан бол энэ долоо хоног гарсаар огцом доошиллоо. Өчигдрийн байдлаар (2020.03.19) Лондоны металын бирж дээр зэс 4685 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан нь оны эхэн үетэй харьцуулахад 24%-иар буурсан төдийгүй 2016 оны аравдугаар сараас хойших хамгийн доод үнэ юм.

Он гарсаар өсөлтөө хадгалж байгаа түүхий эдийн хувьд төмрийн хүдэр нэрлэгдэж байна. Гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын төмрийн хүдрийн экспорт 1.73 сая тоннд хүрч, 119.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 10%, орлогын дүнгээр даруй 61%-иар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт бага зэргийн өсөлттэй байна. Жоншны экспорт жингээр өссөн ч, орлогын дүн бууралттай гарлаа.

Эрдсийн экспорт (2020.03.15-ны байдлаар)

Экспортын эрдэс бүтээгдэхүүн

Нэгж

Биет хэмжээ

Өсөлт бууралт 2020.03.15/

2019.03.15 (%)

Орлого

(сая ам.доллар)

Өсөлт бууралт 2020.03.15/

2019.03.15 (%)

Зэсийн баяжмал

мян.тн

250.2

-13%

288.7

-27.6

Нүүрс

мян.тн

2905.8

-47%

237

-47.7%

Төмрийн хүдэр

мян.тн

1732.5

+10%

119.6

+61%

Алт

тн

1.6

-54%

80.4

-44%

Цайрын хүдэр, баяжмал

мян.тн

32.9

+9%

43.6

+3%

Жоншны хүдэр, баяжмал

мян.тн

97

+8%

24.9

-22%

Цэвэр зэс

мян.тн

3.08

+48%

17.3

+39%

Газрын тос

мян.баррель

287.7

-78%

16.9

-75.4%

Молибденийн баяжмал

мян.тн

1.3

+5.6%

9.34

-12.4%

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо