Коронавирусын халдвараас сэргийлэхтэй холбоотойгоор түр зогсоод байсан Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт эхэлж байна. Улсын Онцгой Комиссын (УОК) хурлаар нүүрсний экспортыг эхлүүлэх шийдвэр гарсны дагуу өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана.
Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаар холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв. Онцгой горимд зохион байгуулалтыг өндөр төвшинд хангах үүднээс Мэргэжлийн Хяналтын Газар, Хил гаалийн байгууллагууд хяналт шалгалтыг тухай бүр хийж байгаа аж. Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр төлөвлөж байсан билээ. Шивээхүрэн боомтоор хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн талаар тус боомтын захиргааны дарга Б.Мөнхбат онцолж байсан юм.
Б.Золоо