Э.Оджаргал
Дараалсан сонгууль болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.
Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт 44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч экспорт 13%-иар буурчээ. Энэ зуур Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 4685 ам.доллар хүрч 2016 оноос хойших хамгийн доод үзүүлэлтээр тэмдэглэгдэв. 2020 оны нэгдсэн төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцсон. Эрдсийн экспорт нийт үзүүлэлтээрээ буурсан хэдий ч төмөр замын гарцтай төмрийн хүдрийн нийлүүлэлт өсөлтөө хадгалж байна. Одоогоор нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр тасарчээ. Экспортын нийлүүлэлтээс гадна зэс, араас нүүрсний ханшийн уналтаас төсвийн алдагдал улам тэлэх эрсдэлтэй. Өнөөдрийн тоон үзүүлэлтүүд маргааш нь хуучирч байна. Санхүүгийн савлагаатай энэ эгзэгтэй өдрүүдэд манай улсын эдийн засаг зогсонги байдалд орж байна. Арилжаа наймаа, ажил үйлчилгээний ердийн хэмнэл саарч, зарим нь сул зогсолт хийлээ. Ердөө сар хүрэхгүй хугацаанд 500 компани ажлын байрны цомхотгол хийснийг МҮХАҮТ-ын судалгаанд дурджээ. Энэхүү гинжин хямралын хүрээ улам бүр тэлэхийг үгүйсгэхгүй.
Төрөөс 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийг дэмжих нийт 5.1 их наяд төгрөг зарцуулах багц арга хэмжээ хэрэгжүүлэх болсоныг Ерөнхий сайд (2020.03.27) зарлалаа. Хамгийн түрүүнд монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёрт, эдийн засгийн нөхцөл байдалд төрөөс анхааран ажиллаж буйг Засгийн газрын тэргүүн мэдэгдэв. Манай улсад байдал хүндрээгүй, хяналтад байгааг тэрээр тэмдэглэсэн юм. Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад төрөөс 200 тэрбум төгрөг зарцуулжээ.
Өнөөгийн эмзэг цаг үед улс орны эдийн засаг, иргэд, хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх дараах арга хэмжээг танилцуулбал,
l Аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх, 2020 оны 04.01-10.01
l Ажилтан, албан хаагчдын цалин, хөлст ХХОАТ ногдуулахгүй байх, 2020 оны 04.01-10.01
l Албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх, 2020 оны 04.01-10.01
/ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/
l COVID-19 халдварын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох,
l Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд 3%-ийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох /Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх/
l Хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгох, /3 сар/
l 2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 720 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг Сангийн яам баталгаажуулжээ. Одоо 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр хийж байна. Үлдэж байгаа 580 орчим сая ам.долларын гэрээ байгуулна. Тодорхой эх үүсвэрийг хүнсний үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Засгийн газраас өнгөрсөн гурван жилд эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулан 8.2 их наяд төгрөгийн өрийг барагдуулж, гадаад валютын нөөц 4.2 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэнийг онцоллоо. Дөрвөн бондын нийт 2.9 тэрбум ам.долларын өрийн ирэх онд төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлнө гэдэгт Сангийн сайд итгэлтэй байна.
Арилжааны банкууд ба реформын “сануулга”
Засгийн газраас эдийн засгийг дэмжих эхний удаагийн багц арга хэмжээ шат дараатай хэрэгжиж байгаа юм.
Бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг тэглэх
(2020.03.01-нээс 3 сар)
Засгийн газрын гуравдугаар сарын 4-ний хуралдаанаар гарсан шийдвэр юм. Үүний үр дүнд, хүнсний өргөн хэрэглээний элсэн чихэр, ургамлын тос, улаанбуудай, цагаан будаа зэрэг импортын бараа бүтээгдэхүүн хэсэгтээ хомсдохгүй, үнэ өсөхгүй нь мэдээж сайн. Гэвч гэнэтийн цочролд автан ойр зуурын зүйлсээ базаасан хэрэглэгчид хэтэвч нимгэн яваа.
Монголын эдийн засаг бизнесийн амьдрал, улмаар иргэдийн амьжиргаа зээлийн урсгалаар “тэжээгддэг”. Одоо бүхий л салбарт ажил орлого хомсдож байгаа учир банкны зээлийн төлбөрийн дарамтыг хөнгөвчлөх зорилгоор дараагийн хоёр арга хэмжээг Сангийн яам, Монголбанк авсан юм.
Монголбанк бодлогын хүүг нэг пункт бууруулж 10 болгох, мөн арилжааны банкны заавал байлгах төгрөгийн нөөцийн 10.5%-ийг хоёр нэгжээр бууруулан 8.5%-д тогтоох
Энэ нь арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах боломжийг нээж байна. Үүнтэй уялдуулан банкуудын заавал байлгах бэлэн мөнгөний нөөц буурснаар 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр “сулрах” юм. Ингэснээр шинээр зээл олгоно гэсэн хүлээлт иргэд, аж ахуй нэгжүүдэд бий болсон.
Иргэд, аж ахуйн нэгжийн банкны зээлийн үндсэн өрийг 3 сараар хойшлуулж, мөн хугацаанд зээлийн хүү төлөхгүй, зээлийн ангиллыг 6 сарын хугацаанд өөрчлөхгүй.
Банкны зээлийн үндсэн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах, мөн хугацаанд зээлийн хүү төлөхгүй, зээлийн торгууль алданги тооцохгүй байхаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс (2020.03.17) шийдвэрлэв. Энэ шийдвэрийг Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өдрөөс хойш гурван сарын хугацаанд мөрдөхийг Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар мэдэгдсэн юм. Нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл гэсэн үг. Хачирхалтай нь, хэрэгжиж эхлэх өдрөөсөө 51 хоногийн дараа энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд мэдээлснийг анзаарч байгаа биз ээ.
Тэгэхээр 90 хоног бус одооноос нэг сарын хугацаанд хүчин төгөлдөр болж таарч байна. Харин харилцагчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүү тооцохгүй гурван сарын хугацаанд тасрах орлого, ашгаа банкууд “суларсан” 300 тэрбум төгрөгөөр зохицуулах аж. Зээл нэмж олгохгүй гэж ойлгох нь. Эргэн төлөлт буурч, эрсдэлтэй өнөөгийн нөхцөлд арилжааны банкууд ч шинээр зээл олгох сонирхолгүй нь үнэнд илүү ойртоно.
Уг нь төв банкны бодлогын хүү, арилжааны банкуудын активыг бууруулах шийдвэр гарсан тухайн өдөр банкуудын төлөөлөгчидтэй уулзахдаа Засгийн газрын тэргүүн “Коронавирусын улмаас улс орны нөхцөл байдал хүнд байна. Бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, худалдаачдын үйл ажиллагаа зогсож эхэллээ. Ийм цаг үед харилцан ойлголцож, та бүхэн сэтгэл гаргаад ард түмэн, бизнес эрхлэгчдийг зээл, санхүүгийн дарамтаас аварч, тусалж дэмжихийг хүсч байна. Аль аль талдаа алдагдалгүй, эрсдэл багатай давж гарах шаардлага байна. Энэ бол улс орны эдийн засагтай холбоотой”-г учирласан. Арилжааны банк бол ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж гэдгийг Ерөнхий сайд сайн мэднэ. Тэрээр ард иргэдэд хандаж мэдээлэл хийхдээ, арилжааны банкууд хүүгээ бууруулах ёстой, энэ асуудлыг дахин Монголбанкны ерөнхийлөгчид тавина, ер нь бол банкны реформ хийх цаг болсон гэдгийг анхааруулсан юм.
Манай улсын эдийн засагт хоёр сарын шок ирэхэд иргэд, ахуйн нэгжүүд зээлийн төлөлтийн хүндрэлд орж байна. Хоёрдугаар сарын статистикаар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нийт 17.3 их наяд төгрөгийн зээлтэй байна. Нийт зээлийн 50.7% буюу 8.8 их наяд төгрөг нь иргэдийн, 49.3% буюу 8.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх.
Иргэдийн зээлийн 76.4%-ийг арилжааны банкууд олгожээ. Арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт буурч байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл аль аль нь өсчээ.
Манай улс иргэдээ орон сууцжуулах зорилгоор ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 6 жилд ипотекийн зээл өссөн ч гэр хорооллын өрхийн тоо мөн нэмэгджээ. Уг нь гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулж, утааг бууруулах зорилтыг агуулсан хөтөлбөр.
Засгийн газрын дотоодын бонд дунджаар жилийн 15-16%-ийн хүүтэй. Тэгвэл ипотекийн зээлийн хөтөлбөрт төрөөс 4-5%-ийн хүүтэй эх үүсвэр гаргаж, зөрүүг төсвөөс нөхдөг. Монголбанкнаас энэ эх үүсвэрийг авч арилжааны банкууд цаашаа 8-9%-ийн хүүтэй ипотекийн зээл болгон иргэдэд олгодог. Арилжааны банкуудад 4%-ийн эрсдэлгүй ашиг. Төр, иргэдийн мөнгөөр байшин барилга барьж буй компаниудад чамлахааргүй бизнес юм. Ипотекийн зээлийн хөтөлбөрт жил бүр 400 гаруй тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулж байна.
Төсөв тодотгох “ТАЛЦАЛ”
Сүүлийн 10 жилд манай улсын төсвийн орлого ихэд өссөн. Эдийн засаг тасралтгүй тэлжээ. Энэ хугацаанд эдийн засгийн хүндрэлийн гурван мөчлөг тохиосон юм. Дэлхийн санхүү хямарсан 2008-2009 онд, ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан билээ. Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, Тавантолгой ордын тендерт дэлхийн уул уурхайн гигант 15 компани өрсөлдөн олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татсан энэхүү сонирхолтой цаг үед эдийн засаг огцом өсөлтийг үзүүлсэн. Эдийн засаг уруудсан дараагийн мөчлөг 2013-2015 онд үргэлжилж, “Чингис” болон “Самурай” бонд мэндлэн, Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээг байгуулснаар эдийн засагт хөрөнгө татсан. 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт дахин хамрагдаад байна. Харин энэ удаад коронавирусын эдийн засагт үзүүлэх гол хүндрэл нь эрэлт, нийлүүлэлтэд зэрэг нөлөөлж буй онцлогтой. Тэгвэл өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуультай жилүүдэд 2012 онд 1.2 их наяд, 2016 онд 2.3 их наяд төгрөгөөр төсөв тэлж байжээ. Энэ онд ч мөн ялгаагүй. 2020 оны улсын төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Уг алдагдал үнэн чанартаа байшин барилга барихад зарцуулах хөрөнгө юм. Нийт 1.83 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1427 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ингэснээр бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжиж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж “зарлагаа нөхөх” буюу төсвийн орлогыг 12.9 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй. МҮХАҮТ-аас 2020 оны төсөвт тэвчиж болох 416 тэрбум төгрөгийн зардлын урьдчилсан тооцоог танилцуулсан юм. Сумын соёлын төв, хүүхдийн зуслан, аялал жуулчлалын цогцолбор, тууз хайчлах зэрэг 16 төрлийн бүтээн байгуулалтыг дурджээ.
Харин Ерөнхий сайд, Сангийн сайд аль аль нь төсөв тодотгохгүйг мэдэгдсэн. Сангийн сайдын хувьд, төсөв тодотгох хэмжээнд эдийн засаг хүндрээгүй гэж үзэж байна. Тэрээр “Төсөв маш уян хатан. Дээд хязгаарууд хатуу тавигдсан байдаг ч дотроо уян хатан буюу төсвийн ерөнхий захирагч нар нь зохицуулах бүрэн боломжтой. Нэг компани төсөл хэрэгжүүлэхэд маш олон туслан гүйцэтгэгч, иргэдийг ажлаар хангадаг учир төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд хэвээрээ үргэлжилнэ” гэсэн байр суурьтай байгаа юм.
Эдийн засагч Н.Энхбаяр “Экспорт буурч, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссоноор нэгдсэн төсвийн орлогын бүрдэлт 30 гаруй хувиар тасалдах эрсдэлтэй. Төсвийн зарлагаа бууруулах арга хэмжээ авахгүй бол төсвийн алдагдал 2-2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж болзошгүй байна. Гадаад, дотоод шалтгааны улмаас үйл ажиллагаа нь саарсан, зогссон аж ахуйн нэгжүүд хаалгаа барих, ажилтнуудаа цөөлөх арга хэмжээ авч, үүнээс цааш эдийн засгийн бэрхшээл нь нийгмийн асуудал болон хувирч ажилгүйдэл, ядууралд ч таагүй нөлөө үзүүлэх магадлалтай. Хэрэв эдийн засгаа дэмжиж, бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлье гэвэл 2020 оны төсөвт тодотгол хийж тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг чөлөөлөх хэрэгтэй” гэж харж байна.
Улс орнуудад COVID-19 хэмээх шинэ сорилттой тулгарч байгаа ч Монголын хувьд хуучин бэрхшээл, ужигарсан асуудлыг улам мэдрүүлж байна. Төр засгийн бодлого, хийж хэрэгжүүлж байгаа шийдвэрүүдийн алдаа оноог манай улсын өнөөгийн байдал бодитоор харуулж байна. Эдийн засгаа тогтворжуулах, солонгоруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмөр зам барих зэрэг улс орны амин чухал зорилтууд шийдэл хүлээсээр. Үнэ цэнэ, ач холбогдол одоо ч хэвээр.
Өнөөдөр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал ноёлжээ. Бодит аюултай нүүр тулсан улс орнууд тодорхойгүй эрсдэлээс сэргийлж хэмнэлтийн горимд шилжиж эхэллээ. Аюулын эрсдэл дэлхийн эдийн засгийн гинжин хэлхээг хэврэг болгож байна. Цар тахал 201 улсад бүртгэгдсэн ба халдварласан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр эдийн засаг хямралд ойртоно гэдгийг л шинжээчид хамгийн тодорхой хэлж чадаж байна. Covid-19-ийн дараа хүн төрөлхтөнийг цоо шинэ ертөнц угтах нь гарцаагүй.