Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Fitch: Зэсийн зах зээлд эрэлт 6%-иар буурна

Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо.

Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. “Fitch”-ийг уг мэдэгдлийг хийхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт “GlobalData” судалгааны байгууллага энэ онд зэсийн эрэлт 3.4%-иар өснө гэсэн таамаглалаа өөрчилж эрэлтийн өсөлтийг 1.9% болгосноо мэдээлсэн юм. Уг хоёр байгууллагын мэдээлэл хоорондоо нэлээд зөрж байгаа ч зэсийн эрэлт хэрэгцээ 2020 онд буурах нь тодорхой байна.  

Fitch” энэ онд зэсийн зах зээлийн дундаж үнэ 5300 ам.доллар/тонн, ирэх онд 5800 ам.доллар/тонн байх таамаглал дэвшүүллээ. Энэ нь зэс олборлогчдын хувьд төдийлөн сайн үнэ биш гэдгийг тодотгох нь зүйтэй. Гуравдугаар сарын дунд үеэс эхлэн зах зээлд зэсийн ханш ихээхэн буурч байгаа нь Монгол шиг зэсийн экспортоос хамааралтай улс орнуудын хувьд хүнд цохилт болж байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр зэс 4867 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан нь оны эхэн үетэй харьцуулахад 23%-иар буурсан үзүүлэлт юм.

Монгол улсын экспортын бас нэгэн чухал түүхий эд болох цайрын үнэ мөн богино хугацаандаа буурахыг тус агентлаг анхааруулжээ. Үүнд бирж дэх цайрын агуулах дахь нөөц ихээр нэмэгдэж байгаа нь голлон нөлөөлснийг тодотгосон байна. Цайрын хувьд Лондоны металын бирж дээр он гарсаар ханш нь 24%-иар буураад байгаа билээ. Энэ онд цайрын ханш нэг тонн нь 1900 ам.доллар байна гэж “Fitch” таамаглалаа шинэчиллээ.

Гэхдээ алт, коксжих нүүрс, төмрийн хүдрийн ханшийн таамгаа өөрчлөөгүй бөгөөд энэ нь эдгээр эрдсийн эрэлт, нийлүүлэлт харьцангуй тогтвортой байгаатай холбоотой ажээ.

Б.Төгс