Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эхний улиралд нүүрсний экспорт 61%, зэсийнх 30%-иар буурав

Оны эхний улирлын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум орчим ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 860 сая ам.доллар буюу 28.1%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тэр дундаа экспорт 1 тэрбум 36 орчим сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.5%-иар буурчээ. Импортын хувьд 1.16 тэрбум ам.доллартай тэнцсэн нь экспортын дүнгээс 125.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарлаа. Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 124.2 сая ам.доллараар буюу 9.7%-иар буурчээ.

Эхний улиралд улсын нийт экспортын 91%-ийг ашигт малтмалын түүхий эдийн экспорт бүрдүүлсэн байна. Энэ дундаа зэсийн баяжмалын экспорт улсын нийт экспортын 34%, нүүрс 24.4%, төмрийн хүдэр 13.6%-ийг тус тус эзлэв.

Зэсийн баяжмал эрдсийн экспортод орлогын дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа хэдий ч экспортын мөнгөн дүн нь эхний улиралд өнгөрсөн мөн үеийнхээс даруй 150 сая ам.доллараар буюу 30%-иар буурлаа. Энэ нь зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ оны эхний улирлын байдлаар 15%-иар буюу 55 мянган тонноор буурсантай холбоотой. Гуравдугаар сарын дунд үеэс эхлэн зах зээлд зэсийн ханшийн бууралт эрчимтэй явагдах болсон. Харин энэ долоо хоногоос эхлэн Лондоны металын бирж дээр зэсийн ханш бага зэрэг өсөх хандлагатай болж, 5000 ам.доллар/тонн-ын түвшинд хүрсэн байна. Катодын зэс буюу цэвэр зэсийн экспорт эхний улиралд 3082.5 тоннд хүрч 17.3 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр 35%, үнийн дүнгээр 26%-ийн өсөлтийг харууллаа.

Нүүрсний экспорт оны эхний улирлын байдлаар жингээр 3.12 сая тоннд хүрч үнийн дүнгээр 252 сая ам.доллартай тэнцлээ. Өмнөх оны мөн үетэй жишихэд нүүрсний экспорт жингээр 60%, үнийн дүнгийн хувьд 61%-иар тус тус буурсан гэсэн үг. Хэдийгээр гуравдугаар сарын 23-нд Гашуунсухайт боомт, үүнээс долоо хоногийн дараа Шивээхүрэн боомтын экспорт албан ёсоор эхэлсэн ч нүүрсний худалдаа мэдэгдэхүйц өсөлттэй гарсангүй. Өнгөрсөн хоёрдугаар сард манай улс 354.9 мянган тонн нүүрс экспортолсон бол гуравдугаар сард ердөө 341 мянган тонн нүүрс гадагш нь худалдаалж, 23.5 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь COVID-19-ийн нөлөөгөөр Монголын нүүрсний экспорт хэрхэн буурч байгааг тод харуулж байна. Зөвхөн оны эхний улирлын байдлаар манай улсын нүүрсний орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 389 сая ам.доллараар буураад байгаа юм.

 

Гэхдээ төмрийн хүдрийн экспорт орлогын хувьд 32%-ийн өсөлттэй байна. Тодруулбал оны эхний улирлын байдлаар манай улс нийтдээ 2 сая 61 мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 141 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь жингийн хувьд ялимгүй бууралттай ч, орлогын дүн багагүй өссөнийг харуулна.

Цайр, молибден, жоншны хувьд экспортын орлого бүгд буурсан дүнтэйгээр оны эхний улирлыг өндөрлүүлж байна. Алтны экспортын тухайд хоёрдугаар сард 1.6 тонн үнэт метал гадагш нь худалдаалсан ч гуравдугаар сард нэмж экспортлоогүй байна. Гэхдээ Монголбанкны алт худалдан авалт оны эхний улиралд 3.6 тоннд хүрсэн.

Газрын тосны хувьд өнгөрсөн гуравдугаар сард 34.6 мянган баррель нефть экспортолж 785 мянган ам.долларын орлого олсон. Зогсонги байдалд ороод байсан газрын тосны экспорт сэргэж эхэлсэн ч оны эхний улирлын нийт дүнгээр авч үзвэл өмнөх оны мөн үеийнхээс 70 сая ам.доллараар буюу 80%-иар буурсан дүнтэй гарлаа.

2020 оны эхний улиралд экспортолсон ашигт малтмалын түүхий эдийг авч үзвэл газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100%, чулуун нүүрсний 96.3%-ийг БНХАУ-д нийлүүлсэн байна. Харин экспортолсон жоншны 71.5%-ийг БНХАУ-д, 27.5%-ийг ОХУ-д, алтны тухайд 60%-ийг Их Британи руу, үлдсэнийг Швейцар руу нийлүүлжээ.

Эрдсийн экспорт

(2020.03.31-ний байдлаар)

Экспортын эрдэс бүтээгдэхүүн

Нэгж

Биет хэмжээ

Өсөлт бууралт 2020.03/

2019.03(%)

Орлого

(сая ам.доллар)

Өсөлт бууралт 2020.03/

2019.03(%)

Зэсийн баяжмал

мян.тн

306.6

-15%

351.2

-30.3%

Нүүрс

мян.тн

3,121.6

-60%

252.4

-61%

Төмрийн хүдэр

мян.тн

2,061.8

-0.5%

141.1

+32.4%

Алт

тн

1.6

-67%

80.4

-59%

Цайрын хүдэр, баяжмал

мян.тн

36.9

-16%

48.3

-23%

Жоншны хүдэр, баяжмал

мян.тн

137.1

+24%

35.3

-13%

Газрын тос

мян.бар

322.3

-80%

17.7

-79.8%

Цэвэр зэс

мян.тн

3.08

+35%

17.3

+26.5%

Молибденийн баяжмал

мян.тн

1.55

+11%

11.2

-6%

Б.Төгс