Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Хятадын зэсийн импорт өмнөх оны мөн үеийнхээс 13%-иар өсч 442 мянган тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсанаар өчигдөр (2020.04.14)Лондоны металын бирж дээр зэсийн ханш ганц өдрийн дотор 3.2%-иар өсч 5150 ам.доллар/тонн-ын түвшинд хүрч хаагдлаа. Ингэснээр зэсийн ханш сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрэв.
Оны эхний улирлын байдлаар Хятадын цэвэр зэсийн импорт 1.29 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.1%-иар өсчээ. Дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг томоохон хэрэглэгчийн хувьд Хятадын импорт өсч буй нь зах зээлд эерэг мэдээлэл болж байна. Тус улсын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт PMI өнгөрсөн гуравдугаар сард 52%-тай гарсан нь өмнөх хоёрдугаар сарын 35.7%-ийн үзүүлэлтээс хавьгүй өссөн дүн юм. Энэ нь Хятадын эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж эхэлснийг харуулж байна. Гэхдээ ганцхан сарын дүнгээр Хятадын эдийн засаг хэвийн түвшинд хүрсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд ирэх саруудын дүнг ажиглах хэрэгтэйг тус улсын холбогдох албаныхан тайлбарлажээ.
Хятадын зэсийн баяжмалын импорт өнгөрсөн гуравдугаар сард 1.78 сая тоннд хүрч, өмнөх оны есдүгээр сараас хойших хамгийн бага түвшинд хүрч буурсан байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй өсөлттэй үзүүлэлт юм. Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын импорт 5.55 сая тоннд хүрсэн нь харин бага зэрэг буурсан түвшин болж байна.
Өнгөрсөн онд Хятад улс нийт 22 сая тонн зэсийн баяжмал импортолсон нь 2018 оны дүнгээс 11.6%-иар өсчээ. Ийнхүү өссөн нь тус улсын зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж буйг харуулж байгаа хэрэг.
“Argonaut Securities” судалгааны байгууллагын шинжээч Helen Lau-гийн тайлбарласнаар, 2020 онд зэсийн баяжмалын нийлүүлэлт сааталд орж болзошгүй ажээ. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь коронавирусын тархалтыг зогсоох үүднээс Өмнөд Америк тив дэх томоохон уурхайнуудын үйл ажиллагааг түр хааж буй явдал юм. Иймд ирэх тавдугаар сараас эхлэн зэсийн баяжмалын импорт буурах магадлалтай. Өмнөд Америкийн хувьд Чили, Перу зэрэг зэсийн хамгийн том үйлдвэрлэгч орнууд оршдог тив. Тэгвэл тус хоёр улсад коронавирусын дэгдэлт харьцангуй өндөр байгаа нь уурхайнуудын үйл ажиллагаа тасалдах, зогсох нөхцөл байдалд хүргээд байгаа юм.
Зэсийн зах зээл нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг. Өчигдөр (2020.04.14) Олон улсын валютын сангаас танилцуулсан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” тайланд энэ онд дэлхийн эдийн засаг 3%-иар буурах таамаг дэвшүүлсэн байна. Гэхдээ энэ нь суурь таамаглалын түвшин бөгөөд хамгийн муу хувилбараар тооцвол эдийн засгийн өсөлт 3%-иар нэмж буурч болзошгүй ажээ. Эдийн засгийн энэ удаагийн хүндрэл нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хавьгүй илүү ноцтой гэдгийг тус тайланд тодотгожээ. Эрүүл мэндийн салбарын хямрал, санхүүгийн хүндрэл, түүхий эдийн ханшийн бууралт зэргээр хямрал илрэхийг онцолсон байна.
Хэрэвзээ оны хоёрдугаар хагаст коронавирусын тархалт зогсож, улс орнуудын Засгийн газруудын эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлбэл 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 5.8%-д хүрэх боломжтой гэж тус байгууллага тооцоолжээ.
Б.Төгс