Японы Фукушима атомын цахилгаан станцад осол гарснаас хойш дэлхийн зах зээл дэх ураны ханш огцом унаж өнөөг хүртэл бүрэн сэргээгүй билээ. Тэгвэл коронавирус тархаад буй өнөөгийн нөхцөл байдалд ураны үнэ өсч сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл цар тахлын халдварын улмаас улс орнууд хөл хорио тогтоож буй нь уурхайн олборлолт, ханган нийлүүлэлтийн тээвэрт нөлөөлж, эргээд нийлүүлэлтээс хамааран ханш өсөхөд нөлөөлсөн аж.
Ураны томоохон нийлүүлэгч “Казатомпром” компани энэ онд ураны үйлдвэрлэлээ 4 мянган тонноор бууруулахаа мэдэгджээ. Канадын “Cameco” компани нь ураны хамгийн том уурхай “Cigar Lake”-ийн үйл ажиллагааг зогсоосон төдийгүй Онтарио дахь төслүүдээ ч царцаагаад байна.
Өнөөдрийн байдлаар нэг фунт ураны үнэ 31.3 ам.доллар байгаа юм. 2011 онд тохиосон Фукушима АЦС-ын ослоос хойш таван жилийн дараа дэлхийн зах зээл дэх ураны ханш 29.6 ам.долларт хүрч өссөн удаатай. Дэлхий дахинд коронавирусын дэгдэлт улс орнуудын худалдаа, эрэлтэд нөлөөлж эхлээгүй байсан нэгдүгээр сард ураны үнэ 25 ам.долларын ханштай байсан юм.
Э.Од