Хятадын эдийн засгийн эрчмийн үзүүлэлт болох аж үйлдвэрийн PMIndex дөрөвдүгээр сарын байдлаар 50.8%-тай гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Энэ нь COVID-19-ийн тархалтаас хойш Хятадын эдийн засгийн эрчим хоёр сар дараалан өсч буйг харууллаа. Гэхдээ өсөлтийн хурд гуравдугаар сартай харьцуулахад удааширсан байна.
Өнгөрсөн сарын дүн нь хоёрдугаар сарын түүхэн доод үзүүлэлт болох 35.7%-иас огцом дээшилж 52%-тай гарсан билээ. Харин дөрөвдүгээр сард уг үзүүлэлт Ройтерс-ийн шинжээчдийн дэвшүүлж байсан 51%-д хүрч чадсангүй. Энэ үзүүлэлт 50%-иас дээш гарвал өсөлтийг, үүнээс доош орвол бууралтыг илтгэдэг.
Тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар өнгөрч буй дөрөвдүгээр сард бизнесийн орчин үргэлжлэн сайжирсан. Гэхдээ эрэлтийн өсөлтийн явц үйлдвэрлэлийн сэргэлтээс удаашралтай байгаа төдийгүй гадаад худалдаанд тодорхойгүй байдал улам их нэмэгдэж буйг тэмдэглэжээ.
Тодруулбал өнгөрч буй дөрөвдүгээр сард шинэ захиалгын өсөлтийг илтгэдэг дэд индекс 50.2%-тай гарсан нь гуравдугаар сарын 52%-ийн үзүүлэлттэй харьцуулахад удааширсан байна. Тэгвэл экспортын шинэ захиалгын индекс12.9%-иар огцом буурч 33.5%-д хүрчээ. Энэ нь Хятадын эдийн засгийн сэргэлтэд гадаад эрэлтийн удаашрал хүндрэл учруулж буйг тод харуулж байна.
Гэхдээ тус улсын аж үйлдвэрийн бус салбарын PMI үзүүлэлт 53.2%-тай гарсан нь өнгөрсөн гуравдугаар сарын дүн (52.3)-гээс өссөн дүнтэйгээр илэрхийлэгдлээ. Энэ нь үйлчилгээ, барилгын салбарын өсөлт илүү сайн байгааг харуулж буйг тус улсын Үндэсний статистикийн газар тайлбарлажээ. Хэдийгээр үйлчилгээний салбар сэргэж байгаа боловч зочид буудал, энтертайнментийн чиглэлд сүүлийн гурван сар дараалан бууралттай гарсан хэвээр аж.
Б.Төгс