Далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч эхэллээ. Тодруулбал (2020.04.30-ны байдлаар) коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар байсан бол энэ сар гарсаар 107 ам.доллар/тонн болж ганц өдрийн дотор 17.5%-иар буураад байна.
Хятадын дотоодын зах зээлийн нөхцөлд коксжих нүүрсний ханш арай бага уналттай байгаа ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан юм. Өөрөөр хэлбэл, ганцхан өдрийн дотор 5%-иар буурч 1028 юаньд (145 ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас хойших хамгийн доогуур дүн болж байна.
Ийнхүү ханш буурсан нь шинэ коронавирусын тархалтын улмаас дэлхийн голлох эдийн засагтай орнуудад гангийн үйлдвэрлэл хумигдаж, эрэлт буурсантай холбоотойг шинжээчид тайлбарлалаа.
Энэтхэг улсад (2020.05.03) хүртэл тогтоогоод байсан хөл хориог 17-ныг хүртэл сунгажээ. Энэ нь тус улсын коксжих нүүрсний эрэлт тэр хэмжээгээр хумигдана гэсэн үг. Хөл хорио тавигдлаа ч эрэлт төдийлөн хурдан сэргэх боломжгүй гэж шинжээчид үзэж байна.
Гангийн томоохон үйлдвэрлэгч Япон улсын тухайд гангийн гарцаа ирэх саруудад 35%-иар бууруулах төлөвтэй байна.
Хятадын хувьд гангийн үйлдвэрүүдийн агуулах дахь коксжих нүүрснээс гадна гангийн бүтээгдэхүүний нөөц ч их хэмжээгээр хуримтлагджээ. Үүний зэрэгцээ импортын нүүрсийг боомтоор нэвтрүүлэх явц ихээхэн хүндрэлтэй байгаа нь түүхий эдийн худалдааны компаниудад амаргүй байна.
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлд хамгийн том нийлүүлэгч болох Австралийн коксжих нүүрсний ханшийн бууралт түр хугацааных уу, урт хугацааных уу гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай байгаа юм.
Б.Төгс