Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саарч болзошгүй

“Оюутолгой” компани энэ оны нэгдүгээр улирлын гол үзүүлэлтүүд болон гүний уурхайн төслийн үйл ажиллагааны явцыг танилцууллаа (05.04). Мөн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээллээ.

Үйл ажиллагааны гүйцэтгэлийн тухайд КОВИД-19-ээс сэргийлэхийн тулд эрүүл мэнд, ариун цэврийн хяналтын арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлж, ажилчдын эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж ажиллажээ. Хөл хорионоос үүдэлтэйгээр Хятад улс дахь бизнесийн үйл ажиллагаа хумигдсан нь баяжмалын нэг, хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч гуравдугаар сард нийлүүлэгч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст борлуулалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

2020 оны нэгдүгээр улиралд ус дахин ашиглалтын түвшинг 80% байхаар тооцсон ч  87% болгон ахиулсны зэрэгцээ нэг тонн хүдэр боловсруулахад 0.38 шоо метр ус хэрэглэсэн үзүүлэлттэй ажилласан байна. Тус компани ус ашигласны төлбөрт 2013-2020 оны нэгдүгээр улирлын хооронд нийт 104 тэрбум төгрөгийг төлжээ.

Оны эхний улиралд татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.долларыг улсад төлсөн байна. 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд нийт 2.7 тэрбум долларыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Хамтран ажилладаг нийт 516 ханган нийлүүлэгчээс 361 үндэсний ханган нийлүүлэгч байснаас үйл ажиллагааны худалдан авалтын 75%-ийг үндэсний ханган нийлүүлэгчид зарцуулсан байна. Өнгөрсөн 10 жилд нийт 3.3 тэрбум ам.долларыг үндэсний ханган нийлүүлэгчид төлжээ.

Үйлдвэрийн хувьд хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс өнгөрсөн оны мөн үеийнхээс 23%-иар буурчээ. Ийнхүү буурсан нь хүдэр дэх зэсийн дундаж агуулга өнгөрсөн оны мөн үеэс 26%-иар буурсантай холбоотой юм. Өнгөрсөн улиралд уурхайгаас 35.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 23%-иар,  26.15 мянган унц алт үйлдвэрлэсэн нь 78%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Харин КОВИД-19-ээс болж Оюутолгойд ирэх гадаад мэргэжилтнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар гүний уурхайн өргөтгөл, малталт 30%-иар удаашрах магадлалтай байгааг компани онцоллоо. Энэ нь цаашлаад төслийн бүтээн байгуулалтад ч нөлөөлж болзошгүй юм. КОВИД-19-ын улмаас хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах боломжгүй болсон зэргээр бүтээн байгуулалтын ажил саарчээ.  Тухайлбал мэргэжилтнүүд агааржуулалтын урд болон хойд амын тусгай төхөөрөмжүүдийг /техникийн/ ашиглалтад хүлээн авах, эдгээр амын нэвтрэлт малталтыг эхлүүлэх ёстой юм. Тиймээс тэднийг уурхайн талбарт ирэх хүртэл тухайн амуудад засвар үйлчилгээ,арчилгааны ажлуудыг түр хугацаанд хийхээр болжээ. Шинээр ашиглалтад оруулсан троссны ерөнхий суналт нь Үйлдвэрлэлийн амны өргүүрийн бүтээмжид нөлөөлж болно.

Гэхдээ гүний уурхайн төслийн хувьд оны эхний улиралд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахицтай ажилласан байна. Тайлант хугацаанд гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 5,466.3 метр, харин налуу амны малталтын ажил 1,013.7 метрийн ахицтай байлаа. 

Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэй байна.

Түүнчлэн тус компани КОВИД-19 цар тахлын тархалт огцом нэмэгдэж эхэлсэн нэгдүгээр сараас эхлэн ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажилласан байна. Нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ уурхайн цогцолбор мөн Улаанбаатар дахь оффисуудад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм. “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Энэ цаг үед бидний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж буй Засгийн газар, бүх түвшний онцгой комиссууд, Эрүүл мэндийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, бусад холбогдох  агентлагууд болон галын шугамд ажиллаж буй бүх албан хаагчдад талархсанаа илэрхийлье” гэв. Тус компанийн зүгээс КОВИД-19-ээс сэргийлэх арга хэмжээнд зориулан 455 сая гаруй төгрөгийг хандивлажээ.  Үүнд:

-Монгол улсын Засгийн газарт МУУҮА-аар дамжуулан 100 сая төгрөг

-Өмнөговь аймагт “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аар дамжуулан 200 сая төгрөг

-Ханбогд сумын онцгой комисст 10 сая төгрөг

-Эрүүл мэндийн яаманд “Коронавирусийн эсрэг уурхайчдын аян” зохион байгуулж, 145 сая гаруй төгрөгийг тус тус хандивласан байна.

 

Б. Золоо

Сэтгэгдэл (1)

  • gg (66.181.183.71)
    zassss ot guaii naad zes bolovsruulah uildvereee hurdan bariaacheee mongoldd.
    2020 оны 05 сарын 05 | Хариулах