Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Байгалийн хийн хоолой барих төслийн маршрут, боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцжээ 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. 

Уулзалтаар Монголын Улсын нутгаар дайрах байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцжээ. 

ОХУ-аас байгалийн хий БНХАУ-д нийлүүлэхээр Монгол Улсын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар (2020.03.31) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэрлэсэн. 

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. 

ОХУ-аас БНХАУ руу жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Тэгвэл байгалийн хий нийлүүлэх хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайруулан тавих боломжтой гэж Оросын тал үзэж байгаа юм. Энэ асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дэмжээд буй.

Э.Од