“Оюутолгой” компани 2019 оны тайлангаа танилцууллаа. Уг тайланд танилцуулснаар тус компани өнгөрсөн оны хэмжээнд 1,166 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2018 онд 1,180 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүнтэй гарлаа. Ийнхүү орлого буурсан нь зэсийн үнэ оны сүүл хагаст хямдарч, мөн уурхайн хүдэр дэх зэсийн агуулга багассанаас болсон байна. Өнгөрсөн онд тус компанийн баяжмал үйлдвэрлэл 675 мянган тонн, харин борлуулалт нь 725 мянган тоннд хүрчээ.
Татвар төлөлтийн хэмжээ өнгөрсөн онд 209 сая ам.долларт хүрсэн нь 2018 оныхоос 9 сая ам.доллараар ахиу дүн юм. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өнгөрсөн онд 71 сая ам.долларт хүрч, 2018 оныхоос 6 сая ам.доллараар давсан нь нөлөөлжээ. Мөн ажиллах хүчний тоо нэмэгдэж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт 2019 онд өмнөх жилээсээ 4 сая доллараар өсч 25 сая ам.долларт хүрсэн нь нөлөөлсөн байна.
Тус компани “Монголд Үйлдвэрлэв” стратегийн хүрээнд өнгөрсөн онд нийт 564 үндэсний компанитай хамтран ажиллаж, 431 сая ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ нь үйл ажиллагааны нийт худалдан авалтын 87%-д хүрсэн байна. Энэ дундаа Өмнөговь аймагт бүртгэлтэй компаниудтай хийдэг худалдан авалт жил бүр нэмэгдэж буй бөгөөд өнгөрсөн оны байдлаар 141 сая ам.доллартай тэнцлээ.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын тухайд өнгөрсөн онд нийт капиталын хөрөнгө оруулалт 1,185 сая ам.доллараар хэмжигдсэн байна. Далд уурхайн хөндлөн нэвтрэлтийн хөдөлмөрийн бүтээмжээр сар бүрийн зорилтоо тогтмол давуулан биелүүлж, тухайлбал 2019 оны сүүлийн хагаст 40%-иар ахиулсан байна. Төслийн хугацааны нийт хөндлөн нэвтрэлтийн хэмжээ 32,925 экв.метр-т хүрсэн бөгөөд 2019 онд 14,606 экв.метр-ийн гүйцэтгэлтэй байлаа.
Гүний уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст боловсруулж, нарийвчилсан үнэлгээг оны хоёрдугаар хагаст танилцуулахаар төлөвлөж байна.
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “2019 онд уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв, “Үйлдвэрлэлийн ам” зэрэг гүний уурхайн дэд бүтцийн томоохон байгууламжийн барилгын ажлыг дуусгасан. Эдгээр байгууламж нь Оюутолгойг дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болоход чухал үүрэг гүйцэтгэх юм” гэж тэмдэглэлээ.
Өнгөрөгч онд компанийн хэмжээнд 200,000 хүн/цагт ногдох Бүх гэмтэл бэртлийн давтамжийг (БГБД) 0.16-д барьж чадсан нь 2018 оны дээд амжилтыг давтсан үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: "Оюутолгой" компани