Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Fortescue” компанийн бүтээгдэхүүний ханшийг “S&P Global Platts”, Argus”-т мэдээлэхийг хоригложээ

Австралийн төмрийн хүрийн үйлдвэрлэгч “Fortescue” компани нь өөрсдийн бүтээгдэхүүний үнэтэй холбоотой мэдээллийг нийтлэхгүй байх шаардлага ханшийн судалгааны агентлагуудад тавьжээ. Тодруулбал, Их Британийн Дээд шүүхээс “S&P Global Platts” болон “Argus” агентлагийг тодорхой хугацаанд “Fortescue” компанийн түүхий эдийн нийлүүлэлт, үнийн хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг цацахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Энэ асуудлаар “S&P Global Platts”-ийн зүгээс АНУ-ын Үндсэн хуулийн “үг хэлэх эрх чөлөө”-нд халдаж байна гэж үзэж, тус улсын нутаг дэвсгэрт “Fortescue” компанийн үйл ажиллагааг хориглох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Түүнчлэн, тус компанийн үнэ тогтоох үйл ажиллагаа  нь зах зээлийн ил тод, шударга зарчмыг зөрчсөн гэж “S&P Global Platts”-ийн зүгээс буруутгаж байгаа юм.

Үнийн агентлагууд түүхий эдийн бирж дээр арилжаалагдаагүй бүтээгдэхүүний үнийн үзүүлэлтийг, спот зах дээр үнийн саналыг тооцох замаар түүхий эдийн зах зээлийн ил тод байдлыг хангадаг гэсэн байр суурийг “S&P Global Platts” илэрхийлж байна. Тус агентлагийн “Iodex index” нь дэлхийн түүхий эдийн зах зээл дэх төмрийн хүдрийн ханшийн өөрчлөлтийн гол үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь төмрийн хүдрийн худалдан авагчид урт хугацааны гэрээ байгуулахад чиглэл болж өгдөг байна. “Fortescue” компанийн нийлүүлж буй хүдэр дэх төмрийн агууламж бага учир бүтээгдэхүүний үнээ хямдруулдаг гэж “S&P Global Platts” тайлбарлажээ.  

Харин “Argus” агентлаг “Түүхий эдийн үнийн ил тод байдлыг хангаж, зах зээлийг хараат бус, бодитоор мэдээлэх нь салбарын компаниудад эрэлт хэрэгцээтэй байгаа учир олон нийтийн сонирхолд нийцэж байна" гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Э.Од