Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, эхний дөрвөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.96 тэрбум ам.долларт хүрлээ. Тэр дундаа экспорт 1.37 тэрбум ам.доллар, импорт 1.59 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал гадаад худалдааны бараа эргэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.8%, экспорт 45.3%, импорт 10.2%-иар тус тус буурав.
Нийт экспортын 87.8%-ийг эрдсийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Оны эхний дөрвөн сарын байдлаар эрдсийн экспортод зэсийн баяжмалын борлуулалт тэргүүлэх байрыг эзэллээ. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 429.4 мянган тонн, үнийн дүнгээр 486 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 12%, мөнгөн дүнгээр 31%-иар буурсан дүн юм.
Харин нүүрсний экспортын хувьд мөн хугацаанд манай улс 4.12 сая тонн нүүрс экспортолж 334 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад жингээр 64% (7.26 сая тонноор), мөнгөн дүнгээр 65%-иар тус тус буурсныг илтгэнэ. Гэхдээ сарын дүнгээр тусад нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард 998 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх гуравдугаар сард 341.2 мянган тонн нүүрс экспортолсонтой харьцуулахад 190%-иар нэмэгджээ. Гэсэн ч 2019 оны дөрөвдүгээр сард (сарын дүнгээр) 3.65 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 73%-иар бага дүн юм.
Ийнхүү оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын зэс, нүүрсний экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 842 сая ам.доллараар бага үнийн дүнтэй гарч байна.
Харин төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 сая ам.доллараар илүү гарлаа. Төмрийн хүдэр, баяжмалын экспортын тухайд тайлант хугацаанд нийтдээ 2.74 сая тонн бүтээгдэхүүн борлуулж 189 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь жингийн хувьд 4%-иар буурсан ч орлогын тухайд 12.5%-иар нэмэгдсэн ажээ.
Алтны тухайд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш экспорт хийгдээгүй байна.
Цайрын хүдэр, баяжмалын тухайд оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 50 мянган тонн бүтээгдэхүүн экспортолж, 62.5 сая ам.долларын орлого орсон нь жингээр 7.2%, орлогын тухайд 20.5%-иар тус тус буурчээ.
Эрдсийн экспорт (2020 оны IV сарын байдлаар) |
|||||
Экспортын эрдэс бүтээгдэхүүн |
Нэгж |
Биет хэмжээ |
Өсөлт бууралт 2020.IV/ 2019.IV (%) |
Орлого (сая ам.доллар) |
Өсөлт бууралт 2020.IV/ 2019.IV (%) |
Зэсийн баяжмал |
мян.тн |
429.4 |
-12.2% |
486.2 |
-30.7% |
Нүүрс |
мян.тн |
4119.4 |
-63.8% |
334 |
-65.2% |
Төмрийн хүдэр |
мян.тн |
2736.5 |
-3.7% |
188.7 |
+18.6% |
Алт |
тн |
1.6 |
-67% |
80.4 |
-59% |
Цайрын хүдэр, баяжмал |
мян.тн |
50.15 |
-7.2% |
62.6 |
-20.5% |
Жоншны хүдэр, баяжмал |
мян.тн |
197.4 |
+30% |
50.3 |
-8.5% |
Цэвэр зэс |
мян.тн |
3.8 |
+25% |
20.8 |
+12.5% |
Газрын тос |
мян.баррель |
488 |
-76.8% |
20.7 |
-82.5% |
Молибденийн баяжмал |
мян.тн |
2.06 |
+10.3% |
14.6 |
-9.2% |
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Б.Төгс