Цахилгааны машины зай хураагуурын гол түүхий эдийн нэг болох литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Albemarle” компани нь Баруун Австралийн “Greenbushes” орд дахь Хятадын “Tianqi” компанийн хувь эзэмшлийг худалдаж авах санал тавьжээ. Тус компаниуд литийн “Greenbushes” ордын төслийг хамтран хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар, “Albemarle” компани төслийн 49%-ийг эзэмшиж байна. Төслийн хяналтын багцыг “Tianqi” компани эзэмшдэг. Хятадын компани нь 6 тэрбум ам.долларын өр төлбөрөө багасгах зорилгоор “Greenbushes” төсөл дэх тодорхой хувиа худалдана гэдгээ мэдэгджээ.
Литийн карбонатын ханш (юань/тонн)
Сүүлийн хоёр жил литийн зах зээлд уналтын мөчлөг тохиогоод буй. Учир нь цахилгаан автомашины зай хураагуур үйлдвэрлэгчдийн зүгээс эрэлт хүлээгдэж байснаас бага байгаа нь зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж байна. 2019 оны сүүлчээр ““Albemarle” компани Баруун Австрали дахь литийн “Wodgina” уурхайн үйл ажиллагааг царцаажээ. “Tianqi” компанийн тухайд, дэлхийд литийн томоохон үйлдвэр болох учиртай “Kwinana”-г өнгөрсөн гуравдугаар сард ашиглалтад оруулах байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Э.Од