Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, банкны салбарын шинэчлэлийн талаар “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал тодрууллаа.
Дэлхийн дахинаа тархсан COVID-19 цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын банк санхүүгийн салбарт ямар сөрөг нөлөөг үзүүлж байна вэ? Цаашид ямар эрсдэлийг Та харж байна вэ?
Эдийн засагт гүн гүнзгий нөлөөтэй хямрал дагуулах эрсдэл үүссэн. Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн бүхий л тогтсон сувгийг эвдэж, хөл хорио тогтоосон нь хүн амын орлогод тэр чигээр нь сөрөг нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд банкуудын зээлдэгчдийн зээлээ төлөх чадвар буурч, банкуудын орлого, нөөц хумигдана. Гадаад валютын ханш чангарч, төгрөг улам бүр суларч, худалдан авах чадвараа алдана. Төр засгаас эхний шатны арга хэмжээнүүдээ зарласан. Санаа нь сайхан байвч хэрэгжүүлэх шатандаа асуудал, будлиан үүсч, бухимдалтай байгаа нийгмийн сэтгүүл зүйд дарь нэмсэн л явдал болсон. Төрөөс дараа дараагийн арга хэмжээнүүддээ илүү сайн менежмент хийх зайлшгүй шаардлагатайг харуулсан байх. Банкны зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийн ангиллыг өөрчлөх, үүнийг дагаад байгуулах эрсдэлийн сангийн хэмжээг бууруулах талаар зарласан боловч яг цаана нь ямар нөөц, эх үүсвэр гаргаж өгч байгаа, түүнийгээ хэрхэн дамжуулах тал дээр асуудал бүрхэг байсаар байна. Бодлогын хүүг нэг сарын дотор 2 удаа бүхэл нэг хувиар буулгасан нь зөв алхам болсон гэж харж байна. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас (FATF) Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан энэ үед дотоодын банк санхүүгийн салбар их эгзэгтэй цаг үед ирсэн.
Засгийн газраас зарласан эдийн засгийг дэмжихээр 5.1 их наяд төгрөгийг Сангийн сайдын хэлж байгаа шиг асуудалгүй бүрдэх боломжтой юу? Эсвэл уламжлалт маягаар ихээхэн хэмжээний цаасан мөнгө хэвлэх зарчмаар шийдэх болов уу?
Сангийн сайд үндсэндээ энэ дүнг хангалттай тайлбарласан гэж бодож байна. Улсын төсөвт төвлөрүүлэх байсан татвар, шимтгэлийг бууруулах, тэглэх замаар хувь хүн, бизнест эргэлдэх мөнгө, төсвийн зарим сангуудаас зарцуулалт хийх, олон улсын байгууллагын төслүүдийг хэрэгжүүлэх гэх зэрэг арга хэмжээг зарласан гэж ойлгосон. Тэгэхээр эх үүсвэргүй зарцуулалт хийх, Монголбанк мөнгө хэвлэх тухай ойлголт байхгүй гэж харж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шаардлагатай бол банкны реформ” хийх талаар хөндсөн. Өнөөдөр Монголын банкны салбарт шинэчлэл хийх шаардлагатай, эсэх талаар Та өөрийн байр суурийг илэрхийлнэ үү?
Манай улсын банкны салбарт реформ хийх шаардлага COVID-19 цар тахлаас өмнө ч байсаар ирсэн. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсон нөхцөлийн нэг нь энэ юм. Монгол Улс саарал жагсаалтад орсон нь үүнийг нотолж байна. Банкуудыг үзэн ядах нийгмийн сэтгэлзүй ч банкны реформ хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа байх. Товчхондоо, Монгол Улсад банкны салбарын реформыг хийх хөрс, нийгмийн сэтгэлзүй, улстөрийн тохироо бүрдсэн гэж дүгнэж байна.
Банкны салбар өнөөгийн энэ байдлаараа цааш явах боломжгүй. Эдийн засагт дотоодын хуримтлал үүсгэх, өсгөх, эдийн засгаа тэтгэх зөв механизмгүй байна. Энэ нь нийгэмд баялгийн тэгш бус хуваарилалт үүсэх үндсэн шалтгаан болж байгаа юм. Банкууд хүн амын хэт цөөнхийн хадгаламжийн эх үүсвэрийн хойноос хөөцөлдсөний улмаас зээлийн хүү буурах нөхцөл бүрэлдэхгүй байна. Банкны зээлээс өөр санхүүгийн эх үүсвэргүй компаниуд өндөр хүүг нь зөвшөөрсөөр байгаа. Энэ нь нэг талдаа санхүүгийн зуучлал хумигдмал байгааг илтгэж буй. Бид хөрөнгийн зах зээлгүй явсаар ирсэн нь энд голлон нөлөөлж байна. Компаниуд бонд гаргаж эх үүсвэр татах боломжийг нь сайн нээж өгөх хэрэгтэй. Хадгаламжтай хүмүүс тэрхүү бондыг сонирхох сэдлийг бий болгох ёстой. Компаниуд хөрөнгийн зах дээрээс хөрөнгө босгож эхэллээ. Энэ нь урт хугацаатай, хүүгүй эх үүсвэр мөн. Энэ үед Санхүүгийн Зохицуулах Хороо, хөрөнгийн бирж дорвитой, зоригтой дерегуляц хийж, татвар, шимтгэл, зөвшөөрлөө цөөлөх талын арга хэмжээ авах ёстой.
Банкуудыг олон эзэнтэй, нээлттэй, сайн засаглалтай болгох шаардлага одоо тулгамдаад байгаа юм. Нэг нөхөр банк гэж байгуулчихаад 10 хүнээс мөнгө авч хадгаламж нэрийдлээр мөнгө хүүлээд суух нь орчин цагийн бизнес загвар яавч биш. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банк олон нийтийн өмчлөлтэй болох учиртай. Үүнийг цаг алдалгүй хэрэгжүүлж, Төрийн банкийг хувьчлах замаар нийт ард иргэддээ Монголын хөрөнгийн биржээр санал болгож эхлэх хэрэгтэй. Банкууд томорч байж, үр ашиг нь нэмэгдэж, хүү буурах боломж бүрдэнэ. Улмаар олон улсад ч өрсөлдөх чадвартай болно. Тиймээс банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна. Энэ ажлыг би санаачлан, олон ч жил зүтгүүлсэн. “Хас” банкны эзэмшигчдийн бүтцийг зохиохоос эхлээд “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэж дуугарах хүртэл олон жил болсон. Үр дүн ч эхнээсээ гарч байна. “Ард” Санхүүгийн Нэгдлийн дараагийн шатны зорилгод банкны иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээр бид шаргуу ажиллаж эхэлсэн.
Банкуудын “монополь” байдал өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжиж, тэлэхэд томоохон тээг болж буйг Та хүлээн зөвшөөрөх үү?
Банкууддаа ч биш байх. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалт, бодлого тогтоогчид, санхүүгийн зах зээлд оролцогч иргэдийн санхүүгийн боловсрол, мэдлэг туршлагатай илүү холбоотой болов уу гэж бодож байна.
Тийм ч учраас энэ тал дээр “Ард Санхүүгийн Нэгдэл” хүч тавин ажилласаар ирсэн. Иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төрийн түшээд, албатуудад ойлголт өгөх, зөв зүг рүү чиглүүлэх, лобби хийх зэрэг олон бодитой ажил хийгдсээр байна. Ахиц удаан байна гэж шүүмжилж болох байх. Гэхдээ л миний хувьд өөрийн зүгээсээ хувь нэмэр оруулахад тултал ажиллаж байгаа гэж бодож байна. Удахгүй хувийн тэтгэврийн сангууд үйл ажиллагаа явуулж эхлэх боломжтой болно. Даатгалын компаниудын нөөц эх үүсвэрийг хөрөнгийн зах зээл рүү илүү чиглүүлэх юм. Хөрөнгийн зах дээр банкуудад оролцох боломжийг нь ч нээж өгөх хэрэгтэй. Энэ бүхнийг коронавирусын “шуурганы” энэ цаг үед амжуулахаар хичээн ажиллаж байна. Монголын хөрөнгийн бирж дээр банкууд гараад ирэхээр дотоодын санхүүгийн зах зээл хөгжил хурдасна харж байгаа. Монголын ард түмэн эдийн засгийн хамгийн амин чухал, улс орны хувьд жинхэн утгаараа стратегийн салбарт хөрөнгө оруулах боломжтой болно.
Та банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтний хувьд, Монгол Улсад гадаадын банк оруулж ирэх асуудлыг хэрхэн үзэж байна вэ?
Барууны орнуудын олон нийтийн, эсхүл хувийн хөрөнгө оруулалт орж ирэхийг би ямагт дэмжиж ирсэн. Ашгийн төлөө, нээлттэй ажилладаг байх ёстой. Гагцхүү геополитик, Монгол Улсын стратегийн хувьд боломжгүй нөхцөл тулгаад байгаа нь таалагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, аль ч хөрш орны төрийн эзэмшлийн банкийг Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч болохгүй. Харь орны төрийн бодлоготой манай банкууд өрсөлдөх боломж үгүй. Төрийн мөнгөний бодлого нь Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, худалдан авах чадварыг нь хамгаалах үндсэн зорилготой. Энэ нь манай тусгаар улсын аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг юм.
Томоохон төслүүдтэй банкууд нэр холбогдох асуудал хэр зохистой гэж Та үзэж байна вэ?
Аливаа томоохон төслийг банкууд санхүүжүүлэхгүй бол өөр хэн санхүүжүүлэх билээ. Үүний тулд банк байдаг. Харин банкууд өөрсдөө үйлдвэрлэл, барилга барьж, төмөр замын төсөл хэрэгжүүлж байгаа бол буруу. Хуулиараа боломжгүй.
Монголын эдийн засгийн эрсдэлийг экспорт буурснаар харж байгаа ч дотоодын хэрэглээний бууралтыг төдийлөн ярихгүй байна. Монголын эдийн засагт иргэдийн хэрэглээ хэр том байр суурийг эзэлдэг вэ? Иргэдийн орлогын бууралт нь банкны салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
Банкны зээл төлөгдөхөө боливол банк дампуурна. Банк дампуурвал эдийн засагт мөнгө эргэлдэхгүй. Зах зээл нурна. Зах зээл нь нурсан улс дампуурна. Тэгвэл зээл авсан бизнес, иргэд орлогогүй болж банкны зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Ийм л тойрог.
Өнгөрсөн 10 жилийг авч үзвэл, улсын төсөв тэлж, экспорт ч өссөн. Гэвч иргэдийн амьдрал, ахуйд бодитой нөлөөлсөнгүй, ядуурлын түвшин хэвээр байна. Ихэнх иргэд, аж ахуйн нэгж ч тэр банкны зээлийн өрийн дарамтад байна. Банкуудын зээлийн хүүг бууруулах нь бодитой шийдэл гэсэн асуудал яригддаг. Энэ талаар Та ямар байр суурьтай байдаг вэ?
Өнгөрсөн 10 жилд Монгол Улсын эдийн засгийг доллараар 1 хүнд оногдох хувиар нь хэмжээд үзвэл өсөөгүй, харин ч буурсан. 4 мянга орчим ам.доллар байсан бол 3 мянга руу орсон. Экспорт өссөн ч орлого өр зээлэнд “явж” байгаа. 2012 оноос хойш манай улс маш их хэмжээний өр зээл тавьсан. Төсөв тэлсэн гэх ч 6 их наяад төгрөгөөр хэмжигдэж байсан төсвийн зарлага 12 их наяд болсон нь эргээд л доллараар авч үзвэл яг хэвэндээ 4-5 тэрбум ам.долларт эргэлдэж, монголчууд бид хоорондоо хэрэлдэж талцаж ирлээ. Банкуудын зээлийн хүү бол эдийн засаг, нийгмийн тусгал юм. Ямар ч бодлогогүй хүмүүс төрд гарч улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг боловсруулж, үүнээс үр дүн хүсэн хүлээгээд байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Банкны зээлийн хүү гэдэг монголчууд бидний улстөрийн сонголтын тусгал. Гайхах зүйл огт биш.
Хэдийгээр өнөөдөр дэлхий дахин COVID-19 цар тахалтай нүүр тулж байгаа ч Монгол Улсын хувьд хуучин бэрхшээл, цаг тухайд нь шийдвэрлээгүй ирсэн алдаа дутагдлыг илүү тодруулж байх шиг.
Төмөр замаа тавьсан бол, аж үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бол гээд 2008, 2013 оны эдийн засгийн хямралын үед ярьж байсан асуудлууд хэвээр. Төр засгийн бодлогын бодит байдал уу, эсвэл бүх бурууг улс төрчид рүү “чихэх” нь зохисгүй юу?
Өнөөг хүртэл “Эрдэнэт”, ”Оюутолгой” гэсэн энэ хоёр аварга үйлдвэр, дээрээс нь нүүрсний салбарын хэдэн гадаад дотоодын компанийн экспортоор олдог ам.доллараар бид энэ нийгмийнхээ бүхий л хэрэглээг хангаж ирсэн гэж хэлж болно. Тэд Монголын эдийн засагт амин чухал хатуу валютыг нийлүүлэхээс гадна ажлын байр, туслан гүйцэтгэгч олон мянган компанийг тэтгэж, Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа нь бодит үнэн.
Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон хэрүүл, эдийн засгийг тэтгэж буй Оюутолгойн төсөлтэй холбоотой хардлага, маргааныг харж байна. Монголчууд бидний “хайр зарлан” сонгодог улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчдийг буруутгахаас өөр юу байх вэ? Гэхдээ тэднийг буруутгана гэдэг эргээд сонгож байгаа бид өөрсдөө буруутан болж таарч байгаа юм шүү. Бурууг шударгаар шүүмжилж, зөв гарц шийдлийн талаар дуугардаг цөөнх байхад бүх юмыг харж ойлгодог хэрнээ юунд ч орооцолдож, илүү хөдлөхгүй “амиа хоохойлоод” явдаг хэсэг бас бий. Ард иргэд үнэн, худлыг ялгаж салгаж ойлгоход бүгд дуу хоолойгоо гаргах хэрэгтэй. Энэ үйл явцад иргэний үүргээ хэрэгжүүлж оролцдог болох ёстой.
Танд баярлалаа.