Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монголоор дайрах “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг 2020 онд дуусгана 

Оросоос Монголын нутгаар дайран Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн зураг төслийн ажлыг “Газпром” компани эхлүүлж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Алексей Мллер мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үүргийн дагуу “Газпром” компани нь байгалийн хий дамжуулах хоолойн зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна. А.Миллер мэдэгдсэнээр, Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг “Сибирийн хүч 2” хоолойгоор Монголын нутгаар дамжуулан Хятад руу экспортлох төсөөлөлтэй. Зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөжээ.  

“Сибирийн хүч 2” хоолойн бүтээн байгуулалт 5-6 жил үргэлжилнэ гэж Оросын зарим шинжээчид үзэж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан бөгөөд Монголын нутгаар дайрах байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцсон. Мөн уулзалтаар Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ажлын хэсгийг байгуулахаар (2020.03.31) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэрлэсэн юм.

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. “Сибирийн хүч-2” хоолой нь Оросоос байгалийн хий Хятад руу  нийлүүлэх хоёр дахь төсөл юм.

Анхны ”Сибирийн хүч 1” төслийг Оросын “Газпром” компани, Хятадын Газрын тос, байгалийн хийн корпораци CNPC хооронд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг 2014 оны тавдугаар сард байгуулснаар хэрэгжсэн байдаг. Гэрээний дагуу Оросоос жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятадад нийлүүлнэ. Зүүн Сибирээс байгалийн хийг “Сибирийн хүч 1” хоолойгоор 2019 оны арванхоёрдугаар сараас Хятадын зах зээлд экспортолж эхэлсэн юм. Эхний жил 4.6 тэрбум шоо метр байгалийн хий, 2021 оноос 10 тэрбум, 2022 оноос 16 тэрбум, 2024 онд 25 тэрбум, 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ.

Э.Од