-Үндэсний баялгийн сангийн тухай хууль хаврын чуулганаар хэлэлцсэнгүй-
Монгол Улсын парламент 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм.
Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна. Хэдийгээр Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад 2020 оны долдугаар сарын 1-ний 12.00 цагаас эхлэн мөрдөх цаг хугацааны тов хэлэлцэгдэж байсан ч парламентад дийлэнх олонхийн суудалтай эрх баригч МАН-ын “захиалга”-аар тавдугаар сарын 25-наас мөрдөх болсныг олон нийт шүүмжилдэг.
Учир нь Үндсэн хуулийг мөрдөж эхэлсэн цагаас одоогийн Засгийн газрын бүрэх эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болж, шинэ бүрэлдэхүүнээр ажиллах шаардлага үүсч байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь маргаантай хэвээр байна.
Юутай ч Үндсэн хуульдаа байгалийн баялгийг ашиглах шинэ зарчмыг суулган “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн тусгасан билээ. Улстөрийн бүлэглэл, УИХ-д суудалтай нам, фракцуудын дунд хамгийн их маргаан дагуулсан энэ заалт өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани санаачлан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байв. Уг хуулийг баталснаар одоогийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчлэх, түүний Ирээдүйн өв сантай холбоотой харилцааг шинээр зохицуулах боломж нээгдэх юм. Хэдийгээр уг хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд яаралтай дэгээр УИХ-д өргөн барихаар бэлтгэж байсан ч хаврын чуулганы хуралдаанаар лав батлагдсангүй. Учир нь уг хуулийн төслийг хэлэлцэхээс хойшлуулжээ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгалийн баялгаас орж ирсэн орлого, үр өгөөжийг ард түмэнд тэгш хуваарилах заалт хуулиар дамжин албан ёсоор хэрэгжээгүй байна гэсэн үг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйл.
1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
/Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./
Г.Идэр