ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улс, ОХУ хооронд байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон батлахаар төрийн Думд танилцуулсан байна. Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг зургаадугаар сарын 8-ны өдөр гаргажээ. Энэ тухай тус улсын парламентын доод танхимын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих тухай гаргасан шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2019.09.03) Монгол Улсад айлчилсан билээ. Тус айлчлалаар хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ багтсан нийт 10 баримт бичиг үзэглэсэн юм.
"Гэрээнд талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт улс гэж үздэг бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр харилцан үйлчлэх болно" гэж тайлбарт дурдсан байна.
Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, мэдээллийн технологи, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, технологи, экологи, эрүүл мэнд болон харилцан сонирхсон бусад чиглэлээр урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхээр гэрээнд тодорхойлжээ.
Э.Од