Дэлхийн уул уурхайн “Рио Тинто” компани болон Австрали улсын уугуул иргэдийн (абориген) хооронд зөрчилдөөн үүсчээ. Тус компани нь Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхдөө Жуукан хавцлыг дэлбэлжээ. Энэ нь нутгийн уугуул иргэдийн эртнээс шүтэж ирсэн 46 мянган жилийн настай хоёр хавцал аж. Үүнээс үүдэж компани, нутгийн уугуул иргэдийн дунд зөрчилдөөн үүссэн байна.
"Рио Тинто компани нь Жууканы хавцалд тэсэлгээний ажиллагаа явуулснаар нутгийн уугуул ард түмэнд хүндэтгэлгүй хандаж, харилцааг зөрчиж байна" гэж Австралийн Аборигений эвслийн удирдагч мэдэгджээ. Нутгийн эртний өв соёлыг устгахыг эсэргүүцэж олон мянган аборигенчууд Австралийн Перт хот дахь “Рио Тинто” компанийн төв байрны гадаа жагсаад байна.
Компанийн зүгээс, уурхайн тэсэлгээний энэ үйл ажиллагаа нь долоон жилийн өмнө олгосон мужийн Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хийгдсэн гэж мэдэгджээ. 2013 онд Австралийн уул уурхайн сайдын олгосон тусгай зөвшөөрлөөр төмрийн хүдрийн Брокман уурхайн үйл ажиллагаа нь Жуукан 1, 2 хавцлыг хөндөх юм гэж тайлбарлаж байна.
Австрали улсад нутгийн уугуул иргэд амьдран суудаг цөөн газар нутаг байдаг ажээ. Үүний нэг Баруун Австрали нь аборигенчуудын эртний нутаг гэдгээрээ алдартай.
Э.Од