Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны долоо дахь улирлын ногдол ашгаа өчигдөр хуваарилжээ.
Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх замаар олгож, 2018 оны есдүгээр сараас эхлэн “Ачит зэс” ХК-иараа дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг хүртээж байгаа бөгөөд улирал бүрийн сүүлийн сарын 15-нд олгодог ногдол ашгаа энэ удаа ч ийнхүү хугацаанд нь олголоо.
Лондоны металын биржийн гишүүн “Ачит-Ихт” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус хоёрдугаар овоолгыг байгальд сөрөг нөлөө бага гидрометаллургийн аргаар боловсруулан катодын зэс үйлдвэрлэн экспортод гаргаж байна. “Ачит-Ихт” компани саяхан Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “Шилдэг татвар төлөгч-ТОП 100 аж ахуйн нэгж” өргөмжлөлийг дөрөв дэх удаагаа хүртлээ.
“Ачит-Ихт” ХХК 2014 онд байгуулагдсанаасаа хойш улс болон орон нутгийн төсөвт 192 орчим тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний төлбөрт 15 тэрбум төгрөгийг төлсөн байна. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь орон нутагт 220 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 806 ханган нийлүүлэгч байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж, 90 орчим тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт хийжээ. Олон улсын дам нөлөөллийн үнэлгээний холбооны 2012 оны Хамтын санаачилгын шагнал хүртсэн “АнглоАмерикан” компанийн боловсруулсан нийгэм эдийн засгийн үнэлгээний аргачлалаар “Ачит Ихт” ХХК-ийн улс орны нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дам нөлөөллөөр тооцоолон үзвэл, 41 мянган хүний ахуй амьдрал нь компанийн үйл ажиллагаанаас хамааралтай байна гэж үзжээ.
Эх сурвалж: Ачит Ихт ХХК