Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

УИХ-ын Анхдугаар чуулган  хуралдлаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, албан ёсоор хамгийн их санал авсан 76 нэр дэвшигч тодорсон. Анхдугаар чуулганыг санал хураалт явуулснаас хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган товлон зарлах хуультай. Хэдий тийм ч Төрийн тэргүүн өнөөдөр (2020.6.30) 91 тоот зарлиг гарган УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг товлон зарлалаа. 

Анхдугаар чуулганы нээж хэлсэн үгэндээ тэрээр “Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална” хэмээн тодотгосон. Мөн “Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил Та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой- Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт- Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт ногдож байгаа юм.

УИХ-ын гишүүнээр сонгогдон Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүн анхдугаар хуралдаанаар тангараг өргөлөө. Шинээр байгуулагдсан парламентын гишүүдийн хамгийн ахмад нь Баян-Өлгий аймгийн 2 дугаар тойргоос сонгогдсон 66 настай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан даргалав.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүнийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хууль, эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор явагдсан юм. Сонгуульд улстөрийн 13 нам, 4 эвсэл  оролцсон бөгөөд нийт 606  нэр дэвшигчээс 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнд, Монгол Ардын Нам 76, Ардчилсан Нам 76, Монголын Ногоон Нам 15, Та бидний эвсэл 74, ШИНЭ эвсэл 72, “Зөв хүн электорат эвсэл” 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 13, Хөгжлийн Хөтөлбөр Нам 7, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл 34, Зон Олны Нам 30, Дэлхийн Монголчууд Нам 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам 4 хүн тус тус нэр дэвшүүлж сонгуульд оролцлоо.

Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намаас  62, Ардчилсан Намаас  11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч  1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм. УИХ-ын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 /18.42 хувь/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63 хувь/ нь эдийн засагч, 12 /15.79 хувь/ нь инженер, агрономич, 14 /18.42 хувь/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84 хувь/ нь эмч, багш, 6 /7.89 хувь/ нь бусад мэргэжлийн хүн байна.

Г.Идэр

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    busad mergejiliin ???
    2020 оны 06 сарын 30 | Хариулах