Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Элга ордын коксжих нүүрс олборлолтыг 45 сая тоннд хүргэнэ 

ОХУ-ын Якутын нутаг дахь Элга ордын шинэ хувь эзэмшигч “А-Проперти” компани нь уг төслийг хөгжүүлэх төлөвлөгөө танилцуулжээ. 2023 он хүртэлх энэхүү төлөвлөгөөний хүрээнд, коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, УБҮ байгуулах, Элга ордоос Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ.

Сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй тус ордын төслийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох зорилттой гэж “А-Проперти” компани мэдээндээ онцолжээ. Мөн уурхайн олборлолт болоод боловсруулалтын бага зардалтай, газар зүйн байршлын хувьд экспортын давуу тал нь Элга төслийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж буйг тодотгосон байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “А Проперти” компани нь Элга ордын 51%-ийг “Мечел” компаниас 89 тэрбум рублиэр худалдан авсан билээ. Үүний зэрэгцээ “Мечел” компанийн “Внешэкономбанк”-инд тавьсан байсан 107 сая ам.долларын өрийг барагдуулсан. Ингэснээр “А Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын 51%-ийг эзэмшигч болсон юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийн эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг үзэглээд буй. Өөрөөр хэлбэл, “А Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ гэсэн үг. Энэхүү гэрээний хүрээнд 49%-ийг худалдан авах санхүүжилтийг компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг ашиглаж, банкуудаас зээлсэн гэдгийг мэдэгдсэн байдаг.

“Мечел” компанийн хувьд ордын 51%-ийн эзэмшлийн төслийг сүүлийн 10 жил хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 2 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Элга орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй.

Э.Од