Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Колмар” компани өөрийн боомтоос коксжих нүүрс экспортолж эхэллээ

Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Алс Дорнод дахь “Ванино Транс уголь” боомтыг байгуулж байгаа бөгөөд туршилтаар коксжих нүүрсний анхны экспортыг Хятад руу хийлээ. Тодруулбал, долдугаар сарын 1-нд эхний 38.5 мянган тонн коксжих нүүрс, дараагийн өдөр 45.5 мянган тонныг далайгаар тээвэрлээд байна. 

“Ванино Транс уголь” боомтын эхний ээлжийн 12 сая тоннын хүчин чадалтай терминалыг ийнхүү ашиглалт оруулж байгаа бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлэх аж.

“Колмар” компанийн тухайд, Өмнөд Якутын нутагт “Денисовский”, “Инаглинский” гэсэн нүүрс баяжуулах цогцолбор төслийг хэрэгжүүлж байна. 2021 онд Алс Дорнод  дахь өөрийн эзэмшлийн “Ванино Транс уголь” боомтоор 22 сая тонн коксжих нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортлох төлөвлөгөөтэй. 

Сүүлийн хоёр жил Хятадын “Baosteel” компанид нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байна. Нүүрсний импортоор Хятадыг гүйцэх зах зээлийн хандлагатай холбоотойгоор Энэтхэг рүү коксжих нүүрс туршилтаар экспортолсон. Боомтоо ашиглалтад оруулснаар Энэтхэгийн зах зээлд тогтмол нийлүүлж эхлэх аж. Цаашдаа Өмнөд Солонгос, Вьетнам руу экспортлохоор төлөвлөжээ. Европын зах зээлд тодорхой хэмжээний нүүрс нийлүүлж байгаа юм. 2021 он гэхэд “Колмар” компани жилд 22 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа тухай тус компанийн Ерөнхий захирал Артем Лёвин мэдэгдсэн. Ойрын ирээдүйд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалгааны ажил эхлүүлэх гэнэ.

Дотоодын төмөр замын ачааллыг харгалзан, РЖД компанитай БАМ-ын төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан.

ОХУ-ын хувьд зургадугаар сард 15.8 сая тонн нүүрс экспортолж өмнөх сарынхаас 2.8% иар өсчээ. 2020 оны эхний хагас жилийн байдлаар, тус улсын нүүрсний олборлолт 194.3 сая тонн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.6%-иар буурсан үзүүлэлт юм. Эхний хагас жилд тус улс 89.9 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 5.7%-иар буурчээ.  

Өнгөрсөн зургадугаар сард Кузбасст нүүрсний салбар хариуцсан мужийн яамыг байгууллаа. Тодруулбал, ОХУ-ын Кемерово мужийн амбан захирагч Сергей Цивилёв мужийн энэхүү яам байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ.  

Э.Од