Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани “BHP group” нь анх удаа блокчейн платоформ ашиглан төмрийн хүдэр борлуулжээ. Тодруулбал, Хятадын “Baosteel” компанитай 14 сая ам.долларын худалдаа хийсэн байна. Энэхүү худалдаа нь Канадын технологийн “MineHub Technologies” компанийн боловсруулсан блокчейн платформоор хийгдсэн аж. “BHP group”-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Михел Ховерс “Уг платформыг ашиглан худалдааны гэрээг боловсруулж, баримт солилцон, ачааны тээвэрлэлтийн цаг хугацааг хянасан” гэдгийг тайлбарлажээ.
Тус компани цаашид уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны төлбөр, баримт бичгийн боловсруулалтыг түргэвчлэх, тээвэрлэлтийг хянахад блокчейн платформыг ашиглахаар төлөвлөж буй аж. Ойрын ирээдүйд уул уурхайн салбарын бусад компаниуд ч их хэмжээний бараа бүтээгдэхүүн борлуулахдаа орчин үеийн технологийг ашиглана гэж Михел Ховерс үзэж байна.
Хятадын “Baosteel” компанийн хувьд, өнгөрсөн тавдугаар сард “BHP group” болон “Рио Тинто” компаниудтай төмрийн хүдрийн худалдааг юаниар хийсэн билээ.
Сүүлийн үед зөвхөн уул уурхайн салбарын гэлтгүй авто машины үйлдвэрлэл, далайн тээвэрт Хятадын компаниуд блокчейн платформыг ашиглаж эхлээд байна.
Э.Од