2030 он гэхэд Япон улс нүүрсээр ажилладаг 100 цахилгаан станцыг хаахаар төлөвлөж буй тухай Kyodo агентлаг мэдээлжээ. Тус улсын хэмжээнд нийт 140 цахилгаан станц нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэж байна.
Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилтот ажлыг долдугаар сараас эхлүүлнэ гэж Японы Эрчим хүчний сайд мэдэгджээ.
Өнөөгийн байдлаар, тус улсын нийт эрчим хүчний 32%-ийг нүүрснээс, 17%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. 2030 он гэхэд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг 26% хүртэл бууруулахаар зорьжээ.
Япон улс нь дотоодын нүүрсний хэрэглээний 99%-ийг импортолдог. 2019 онд 125 сая тонн нүүрс импортолсон байна. Нүүрс импортлогч гол орнууд бол Австрали (61%), Индонези (15%) болон ОХУ(11%) юм. Өнгөрсөн онд Орос улс 20 сая тонн нүүрс Япон руу экспортолжээ.
Э.Од