УИХ-ын Анхдугаар чуулганы (2020.07.07) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82% нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.Ингээд Улсын Их Хурлын дарга эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж танилцуулсан бөгөөд хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.
Шинэ Засгийн газрын бүтцийг баталсантай холбоотойгоор өмнөх Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолыг хүчингүй болгов.
Эх сурвалж: parliament.mn