Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна.
Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.
Тэгвэл уул уурхайн салбартай уялдаа холбоотой ажиллах учиртай Зам тээврийн хөгжлийн яамны сайдаар сонгогдсон Л.Халтар тавьсан асуултыг онцлон хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудлууд байсан. Сая өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.
Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?
Л.Халтар: Одоо үндсэндээ 10 жил болжээ. Мөн хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн асуудал байсан.
Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?
Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.
Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?
Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.
Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба